Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

АНУ, Францын удирдагчид худалдааны дайнаас сэргийлж чадлаа

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон, АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп нар өчигдөр уулзаж, хоёр орны хооронд үүсэхэд ойрхон болоод байсан худалдааны дайнаас сэргийлэх тохиролцоонд хүрсэн байна.

Тэд 2020 оны сүүл хүртэл яриа хэлэлцээ хийж, худалдааны маргаантай асуудлууддаа нэгдсэн шийдэл олохоор тохиролцжээ.

Франц улс Америкийн технологийн компаниудын өөрийнх нь зах зээлээс олж буй орлогоос татвар авах төлөвлөгөөтэй байсан юм. Үүнийгээ Парисын эрх баригчид “дижитал татвар” гэж нэрлэж байв. Уг татварт өртөх компаниуд нь Google, Apple, Amazon зэрэг аварга компаниуд байжээ.

Энэ төлөвлөгөө задарсны дараа АНУ-ын засаг захиргаа хариу арга хэмжээ авч, Францын $2.4 тэрбумын дүнтэй импортын бараанд 100 хүртэл хувийн татвар оноохоор сүрдүүлсэн юм.

Өчигдөр хийсэн тохиролцооны дагуу Францын талаас оноох гэж байгаа “дижитал татвар”-т АНУ-ын тал өөрийн саналыг тусгахаар болжээ.

Европын Холбооны гишүүн орнууд дотроо интернэт сүлжээгээр бизнес хийдэг компаниудаас хэрхэн татвар авах талаар нэгдсэн байр суурьгүй байгаа. Францаас гадна Итали болон Их Британи улсууд өнөөдөр өөр өөрийн “дижитал татвар”-тай болох талаар мэдэгдээд байна.

Энэ оны сүүлээр АНУ-ын ерөнхийлөгчийн сонгууль болж,  Дональд Трамп дахин сонгогдохоор өрсөлдөнө. Тиймээс Францын “дижитал татвар”-ын хувь заяа энэ сонгуулийн үр дүнгээс хамаарах нь тодорхой боллоо.

 

Эх сурвалж: Bloomberg