Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/21-НД НИЙТЛЭГДСЭН

OXFAM: Дэлхийн тэргүүн баян 22 эрэгтэйн хөрөнгө Африкийн 326 сая эмэгтэйн хөрөнгөөс их байна

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 21
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Oxfam International судалгааны байгууллага өчигдөр дэлхий даяар орлогын тэгш бус байдал хэрхэн гүнзгийрснийг харуулсан 63 хуудас тайланг танилцуулжээ. Тус байгууллага жил бүр Швейцарийн Давост болдог Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы өмнө тайлангаа танилцуулдаг юм.

Энэ жилийн тайланд өнөөдөр дэлхий дахинд орлогын тэгш бус байдал хяналтаас гарч, баячууд нь улам баяжиж, эмэгтэйчүүдийн орлого олох боломж хязгаарлагдаж, баячууд нийгмийг ядуурлаас гаргахад бага үүрэг гүйцэтгэж байгааг өгүүлжээ.

Тиймээс Oxfam баячуудаас авах татварыг нэмэгдүүлж, хүүхдүүд болон нийтийн эрүүл мэндэд их мөнгө зарцуулахыг дэлхийн улс орнуудын удирдагчдад уриалсан байна.

Судалгааны тайлангийн зарим тоо баримтаас дурдвал:

  • Дэлхийн 2,153 тэрбумтны хөрөнгийн хэмжээ дэлхийн 4.6 тэрбум хүний хөрөнгийг нийлүүлснээс өндөр байна
  • Дэлхийн хамгийн баян 22 эрэгтэйн хөрөнгийн нийлбэр Африк тивийн бүх эмэгтэйчүүдийн хөрөнгийг нийлүүлснээс их байна. НҮБ-ын тоо баримтад дурдсанаар Африк тивд 20-оос дээш насны 326 сая эмэгтэй амьдардаг.
  • Дэлхийн иргэдийн хамгийн баян 1 хувь нь 6.9 тэрбум хүний хөрөнгийн нийлбэрээс хоёр дахин их хөрөнгө эзэмшиж байна
  • Дэлхий даяар 15-аас дээш насны асаргаа, сувилгааны ажил эрхэлж буй эмэгтэйчүүдийн авч чадаагүй ажлын хөлсний хэмжээ жилд $10.8 их наяд байна
  • Сүүлийн 10 жилийн хугацаанд тэрбумтнуудын тоо хоёр дахин нэмэгджээ

Oxfam байгууллага капиталист систем гажиж, цөөн хэдэн хүний гарт их хэмжээний эд баялаг хуримтлагдах боломж олгож байна гэж дүгнэжээ.

Харин тэдний байр суурийг шүүмжлэгчид капиталист системийн ачаар дундаж давхаргынхан нэмэгдсэний дам үр дагавар нь тэрбумтнууд олноор төрж буй явдал юм гэж тайлбарладаг.

Давост эхэлж буй Дэлхийн Эдийн Засгийн Чуулганы хэлэлцүүлгийн нэг гол сэдэв нь эдийн засгийн тэгш бус байдал, баян хоосны ялгааны өсөлт байдаг юм.

 

Эх сурвалж: CNN