Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/19-НД НИЙТЛЭГДСЭН

Фэйсбүүк компани Ши Жиньпиний нэрийг доромж үг болгон орчуулсандаа уучлал гуйв

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Фэйсбүүк компанийн бирм хэлнээс англи хэл рүү орчуулдаг үйлчилгээ Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпиний нэрийг бүдүүлэг үг хэллэг болгон хөрвүүлдэг нь саяхан илэрсэн байна.

Тус компани өчигдөр буюу Бямба гарагт алдаагаа зассан тухай мэдэгдэж, уучлал гуйжээ.

Ши Жиньпин өнгөрсөн өдрүүдэд Мьянмар улсад төрийн айлчлал хийсэн юм. Түүний айлчлалын хоёр дахь өдөр Фэйсбүүк үйлчилгээ нэрийг нь бирм хэлнээс англи хэл рүү орчуулахдаа “Mr.Shithole” хэмээн хөрвүүлсэн нь илэрсэн байна.

Энэ нь бохир заваан газар/жорлон гэсэн утгатай үг. Өмнө нь АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп хууль бус цагаачдын эх үүсвэр болдог Африк тивийн улсуудыг “shithole countries” гэж ярьсан тухай баримт ил болж, хүчтэй шүүмжлүүлж байсан юм.

Мьянмарын удирдагч Аун Сан Су Чигийн албан ёсны фэйсбүүк хуудсанд гарсан айлчлалын тухай мэдэгдлийг орчуулахдаа фэйсбүүк Хятадын төрийн тэргүүний нэрийг “Mr. Shithole” хэмээн хөрвүүлж, Мьянмарын орон нутгийн хэвлэлд мөн ийм гарчигтай мэдээ нийтлэгдсэн байна.

Харьцуулж шалгахад Google Translate үйлчилгээ ийм алдаа гаргахгүй байжээ.

“Бид Бирм-Англи хэлний орчуулгад гарсан алдааны учир шалтгааныг тодруулж, дахин ийм алдаа гаргахгүйн төлөө ажиллаж байна. Энэ бол манай бүтээгдэхүүний ажиллах арга зам биш бөгөөд үүссэн асуудлын төлөө чин сэтгэлийн уучлалт гуйж байна” гэж компанийн мэдэгдэлд өгүүлсэн байна.

Хэдийгээр Фэйсбүүк үйлчилгээ Хятадад хориотой байдаг ч АНУ-ын дараа хоёрт орох хэмжээний зар сурталчилгааны орлого оруулдаг чухал зах зээл юм.

Фэйсбүүкийн бирм хэлний орчуулга өмнө нь алдаатай ажиллаж, маргаан үүсгэж байсан удаатай. Тухайлбал Мьянмарын эрх баригчдын муслим хүн амын цөөнхийн эсрэг явуулсан залхаан цээрлүүлэх ажиллагааны тухай мэдээг буруу орчуулсныхаа төлөө шүүмжлүүлж байжээ.

 

Эх сурвалж: Reuters