Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/18-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхийн хамгийн намхан эрэгтэй 27 насандаа таалал төгсжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өөрөө алхаж явж чаддаг дэлхийн хамгийн намхан эрэгтэй гэсэн нэрээр Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгдсэн Балбын иргэн нас барсан тухай гэр бүлийнхэн нь өчигдөр мэдэгджээ.

Хагендра Тапа Магар нь ердөө 67.08 см өндөр биетэй байсан юм. Тэрээр уушгины архаг хатгалгааны улмаас Балбын нийслэлээс 200 км зайтай оршдог Покара хотын эмнэлэгт нас барсан байна.

Магар энэ хотод эцэг, эхийн хамт амьдардаг байсан юм.

Тэрээр анх 2010 онд 18 настайдаа дэлхийн хамгийн намхан эрэгтэй хүн болж Гиннесийн дээд амжилтын номонд бүртгэгджээ. Дараа нь тэр 54.6 см өндөр, нутаг нэгт Чандра Бахадур Дангид өргөмжлөлөө алдсан юм.

Гэвч Данги 2015 онд нас барснаар хамгийн намхан эрэгтэйн өргөмжлөлөө буцааж авч байжээ.

Алдартай болсныхоо дараа Магар дэлхийн арав гаруй орноор аялж, Европ, АНУ-ын телевизээр гарч байсан юм.

 

Тэрээр Балба улсын аялал жуулчлалын салбарын албан ёсны нүүр царай болж, дэлхийн хамгийн өндөр уултай оронд дэлхийн хамгийн намхан хүн байдаг хэмээн сурталчлуулж байв.

Магар бас дэлхийн хамгийн намхан эмэгтэй болох 62.8 см өндөр Энэтхэгийн иргэн Жоти Амгетай уулзаж байжээ.

Одоо өөрөө явах чадалтай дэлхийн хамгийн намхан эрэгтэйн алдар Колумбын иргэн 70.21 см өндөр, рэгги хөгжмийн DJ хийдэг Эдвард Эрнандезд шилжиж байна.

Харин өөрөө явах чадваргүй хамгийн намхан эрэгтэй Филиппиний иргэн 59.93 см өндөр Жунри Балавин болохыг Гиннесийн номонд мэдээлжээ.

 

Эх сурвалж: AFP