Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/16-НД НИЙТЛЭГДСЭН

Твиттерийн босс долоо хоногт долоон удаа хооллодог болжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2020 оны 1 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Дэлхийн томоохон сошиал сүлжээний платформ Твиттерийг үүсгэн байгуулагч, одоо гүйцэтгэх захирлаар нь ажиллаж буй Жэк Дорси өчигдөр Wired сэтгүүлийн видео сувгаар дамжуулан хүмүүсийн асуултад хариулжээ.

Хүмүүс твиттертэй холбоотой техникийн асуултууд олныг тавьсны хажуугаар зарим нь Дорсигийн амьдралын өвөрмөц хэв маягийг сонирхсон байна.

Жэк Дорси нь хоол бага идэж, урт хугацаагаар мацаг барьдаг этгээд зуршлаараа алдартай нэгэн юм. Тэрээр одоо долоо хоногт долоон удаа хооллож байгаагаа энэ үеэр ярьжээ.

Өөрөөр хэлбэл хоногт зөвхөн нэг удаа оройн хоол идэх дэглэм сахиж байгаа гэнэ. Энэ нь түүний хувьд идэх хоолны хэмжээгээ нэмэгдүүлсэн гэсэн үг.

Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард Дорси нэгэн подкэст ярилцлагадаа долоо хоногийн зөвхөн ажлын өдрүүдэд нэг удаа хооллодог, Баасан гарагаас эхлэн Ням гарагийн орой хүртэл юу ч идэхгүй байгаагаа ярьж байв.

“Анх удаа ийм дэглэм сахихад хоол идээгүй гурав дахь өдрөө би хий юм харж, сонин төлөв байдалд орж байсан. Харин хоёр долоо хоногийн дараанаас дасаж, өдрийн хэр их цагийг хүмүүс хоол унданд дэмий зарцуулдгийг ойлгож байв. Удаан хугацаанд мацаг барих тусам цаг хугацаа удааширсан мэт санагдаж байсан” гэж Дорси тухайн үер ярьж байжээ.

Энэ ярианыхаа төлөө тэр олон хүнд шүүмжлүүлж байв.

Дорси бас өдөр бүр хоёр цагийг бясалгал хийхэд зарцуулахыг хичээж байгаагаа энэ үеэр ярьжээ.

Жэк Дорсигийн асуулт хариултын дүрс бичлэг бүрэн эхээрээ:

 

Эх сурвалж: Tech Insider