Иран улсын олимпийн медальт цорын ганц эмэгтэй тамирчин эх орноосоо дүрвэж байгаагаа Инстаграм хуудсандаа зарлажээ.
Одоо 21 настай Кимиа Ализадех нь 2016 оны Риогийн олимпийн наадмын таэквондогийн 57 кг жинд хүрэл медаль зүүж байсан юм. 2017 онд тэр дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүж байжээ.
Ализадехийг Нидерланд улс руу дүрвэж байгаа гэсэн мэдээг Ираны хэвлэл тараасан байна. Харин тамирчин бүсгүй өөрийгөө хаашаа дүрвэж байгааг дэлгэрэнгүй мэдээлээгүй юм.
“Би бол Ираны дарлагдсан сая сая эмэгтэйчүүдийн нэг. Тэд намайг хүссэн тэмцээндээ оруулж, хүссэн хувцасаа өмсүүлдэг. Би тэдний тушаалыг үг дуугүй биелүүлсээр ирсэн” гэж бичсэн Ализедах эх орноосоо дүрвэх болсон гол шалтгааныг эмэгтэйчүүдийн эрхийг боодог бурангуй нийгэмд амьдрах хүсэлгүй болсных гэжээ.
Тэр бас тамирчны амжилтыг нь Ираны засгийн газар булааж, медаль болон алдар нэрийг нь эрх мэдэлтнүүд эзэмшдэг байсныг бичсэн байна.
Эцэст нь Ализадех эх орноосоо хол, харийн нутагт дүрвэгчийн зовлонг туулах болоод байгаа ч энэ нь Ираны харанхуй нийгэмд амьдрахаас илүү дээр байх болно гэж бодож байгаагаа илэрхийлжээ.
Эх сурвалж: Reuters