Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлаар ахмадууд ярьж байна

Г.Өлзийхутаг, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар ахмадууд байр сууриа илэрхийллээ.

Тэд зөвхөн зээлтэй ахмадын өрийг тэглэх нь Үндсэн хуульд заасан баялгийн тэгш хуваарилах зарчмыг зөрчиж байна гэж үзэж байгаа аж.

"Энэ хууль банкнаас зээл авахад төр тэглэдэг гэсэн ёс суртахууны доройтлыг бий болгоно"

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Энэ шийдвэр даатгалын шимтгэлээр ирээдүйгээ баталгаажуулах логик ойлголтыг байхгүй болгож байна. Мөн эрсдэлтэй үед зээл олгодог банкны тогтсон механизмыг үгүйсгэж байгаагаас гадна банкнаас зээл аваад төр тэглэдэг гэсэн ёс суртахууны доройтлыг бий болгох нөхцөлийг бүрдүүлж байна” хэмээн ахмадуудын төлөөлөл ярив.

Тэрбээр “Энэ шийдвэр хамгийн мэргэжлийн бус байдлаар хандсан шийдвэр юм. Монгол Улсад өнөөдөр ахмадуудынхаа тэтгэврийг гурван сараар нь урьдчилж өгөх бололцоо байхгүй. Ахмадуудынхаа нэг сарын тэтгэврийг өгөх гэж л эх үүсвэрээ дайчилдаг байж, гурван сараар нь хүүгүй урьдчилж олгодог болно гэж худлаа ярьж байна” гэлээ.

"Тэтгэврийн зээлийг тэглэх нь зөв ч хуваарилалт нь тэгш бус байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн ахмадын хорооны дарга Ч.Дүүриймаа “ҮАБЗ-ийн харилцан тохиролцооны үндсэн дээр хийсэн Ерөнхийлөгчийн мэдэгдэл нь иргэдийн дунд маргаан үүсгэж байна. Тэтгэврийн зээлийг тэглэх асуудал нь зөв ч хуваарилалт нь тэгш бус байна.

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр байгалийн баялгийг тэгш хуваарилах асуудлын хамгийн нэгдүгээрт тавьж оруулсан.

Гэтэл энэ үндсэн хуульд заасан байдал нь тэгш бус байна. Ахмадуудынхаа нэг хэсгийг нь гомдоосон шийдвэр гаргаж байгаа нь маш буруу үр дагавартай” гэлээ

"Бидний хуримтлуулсан мөнгийг буцааж өгөхдөө хүү төлүүлдэг нь маш буруу"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны ахмад Ж.Жэгиймаа “Маш олон жил бид тэтгэврийн хүү төллөө. Энэ буруу асуудал. Учир нь бид тэтгэвэртээ суух гэж насаараа нийгмийн даатгалын шимтгэл төлж цуглуулсан.

Бидний ингэж хуримтлуулсан мөнгийг буцааж өгөхдөө хүү төлүүлээд байдаг нь маш буруу.

Бид яагаад өөрсдийн хуримтлуулсан мөнгөө буцаан авахдаа хүү төлөх ёсгүй. Мөн доод тэтгэврийн хэмжээг 500 болгох хэрэгтэй. Сард 310 мянган төгрөгийн тэтгэвэр амьдралд нь хүрдэггүй учраас ажил хөдөлмөр хийж байгаа хүүхдүүдээрээ тэжээлгэхээс өөр аргагүйд хүрдэг.

Дээрээс нь тэтгэврийн зээлтэй байгаад нас барсаэ тохиолдолд яагаад бидний үр хүүхэд тэр өрийг төлөх ёстой вэ. Бидний хуримтлуулсан мөнгийг буцаан өгөхдөө хүү аваад, хойно нь үр хүүхдүүдээр минь төлүүлнэ гэдэг байж болшгүй асуудал” гэв.

"Биднийг амьжиргаа сайтай учраас зээл аваагүй гэж ярьж болохгүй"

 
Гэрэл зургийг Mpa.mn

“Биднийг амьжиргаа сайтай учраас зээл аваагүй гэж ярьж болохгүй. Нам, засаг, төр ингэж сонгуулийн шоу хиймээргүй байна. Ахмадуудаа ингэж талцуулж, зээлгүй ахмадуудаа гадуурхаж болохгүй”гэж Баянзүрх дүүргийн иргэн Л.Цэцэг хэлэв.

"Тэтгэврийн зээл авсан ахмадуудын 60-аас дээш хувь нь 310-хан мянган төгрөгийн тэтгэвэртэй"

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны иргэн Н.Эрдэнэнямбуу “Би зээл аваагүй 194 мянган ахмадын нэг. 194 мянган ахмадуудыг баян, бололцоотой амьдралтай гэж хүмүүс үзэж байгаа нь буруу.

Түүнчлэн манай улс 30 жил тэтгэврийн реформ хийгээгүй. Өнөөдөр тэтгэврийн зээл авсан ахмадуудын 60-аас дээш хувь нь 310-хан мянган төгрөгийн тэтгэвэртэй.

Он гараад хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянга болсон. Ингэж хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг нэмж тогтоосон мөртлөө 310 мянган төгрөгийн тэтгэвэр авч буй ахмадуудынхаа тэтгэврийг нэмэх сэтгэл эрх баригчдад байхгүй байгаа нь харамсалтай” гэв.

"Банкууд руу шилжих мөнгөний цаана маш том луйвар байж магадгүй гэж сэрэмжлүүлээд эхэлсэн"

“421 мянган тэтгэврийн хүн гэдэг бол бүгд эмзэг бүлгийн хүмүүс. Өнөөдөр нэг ч хүний гар дээр мөнгө очихгүйгээр зөвхөн банкууд руу шилжих мөнгөний цаана маш том луйвар байж магадгүй гэж сэрэмжлүүлээд эхэлсэн.

Энэ нь ахмад руугаа чиглэсэн бодлого гэхээсээ илүү банк санхүүгийн механизмаар дамжсан луйврын системийг хөгжүүлэх тогтоол.

Хэрвээ энэ хууль хэрэгжиж эхэлбэл үр дагавар нь хортой. Цаашид нэг ч тэтгэврийн зээл олгохгүй гээд зааж, ахмадуудынхаа ирээдүйг яаж тодорхойлж мэдэж байна вэ. Сүүлийн сард цөөн ахмадад өндөр зээл өгсөн нь шударга бусын туйл” гэж ахмадын төлөөлөл хэллээ.

Арванхоёрдугаар сарын 1-31-ний хооронд 10 мянган ахмад 100 тэрбум төгрөгийн зээл авсанд тэд эмзэглэж байгаагаа ч мөн илэрхийлсэн бөгөөд арванхоёрдугаар сард зээл авсан ахмадууд хэний хамааралтай болохыг нарийвчлан шалгаж хариуцлага тооцох хэрэгтэй хэмээн үзэж байв.