Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/10-НД НИЙТЛЭГДСЭН

ТАЙЛАН: Нэг прокурор жилд дунджаар 400 хэрэгт хяналт тавьж байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
00:00 00:00
ТАЙЛАН: Нэг прокурор жилд дунджаар 400 хэрэгт хяналт тавьж байна
Sara, ikon.mn - text to speech

Нийслэл, дүүргийн прокурорын газруудаас 2019 онд  хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн тайлангийн хурлаа өнөөдөр зохион байгуулж байна.

Өнгөрөгч оныг прокурорын байгууллагын зүгээс авлига албан тушаалын, хүрээлэн буй орчны эсрэг болон мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэг, зөрчилтэй тэмцэх жил болгон зарлаад байсан юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

Энэ талаар Нийслэлийн прокурорын газрын хяналтын прокурор Д.Эрдэнэсувд "Нийслэлийн хэмжээнд 2019 онд албан тушаалтантай холбоотой гэмт хэргийн 57 хувь, мансууруулах бодистой холбоотой хэргийн 85 хувь, хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэргийн 83 хувийг эцэслэн шийдвэрлээд байна.

Мөн эрүү шүүлт тулгах, эрүүдэн шүүлтээс ангид байхын тулд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан, мөрдөх байгууллага болон хорих ангийн ажилтан, алба хаагчдыг сургалтад хамрууллаа.

2019 онд УЕПГ-аас өгсөн үүрэг даалгавар, иргэдийн гомдол мэдээлэл өмнөх оноосоо өссөн дүнтэй, ачаалалтай жил байсан" хэмээн хэллээ.

Тайлангийн хугацаанд Нийслэл, дүүргийн прокурорын газраас нийт 53,067 гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэлд хяналт тавьсан нь өмнөх оны мөн үеэс 2,494 буюу 4.4 хувиар буурсан үзүүлэлт юм байна.

НПГ хяналт тавьж ажилласан нийт хэргийнхээ 50 хувь, мөрдөн байцаалтын хэргийн 94 хувийг эцэслэн шийдвэрлэсэн бөгөөд нийт хяналт тавьсан хэргийн тоог хяналтын прокурорын тоонд харьцуулж үзвэл нэг прокурор жилд 400 хэрэгт хяналт тавьж байна.

Прокурорын ачааллыг бууруулахын тулд орон тоог нэмэгдүүлэхийн зэрэгцээ гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг холбогдох байгууллагатай хамтран зохион байгуулах нь үр дүнтэй хэмээн үзэж байгаа ажээ.