Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

М.Оюунчимэг: Арванхоёрдугаар сард банкуудаас 100 бус, 51 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гарсан байна

А.Ням-Өлзий, iKon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

МАН-ын бүлгийн хуралдаанаар хэлэлцэж буй асуудлын талаар УИХ-ын гишүүн М.Оюунчимэгээс тодрууллаа.

-Тэтгэврийн зээлийг тэглэх асуудлыг судлах ажлын хэсгээс зээлгүй ахмадуудад нэг сая төгрөгийн ваучер олгох саналыг боловсруулсан гэлээ. Бэлэн мөнгө олгохгүй гэсэн үг үү?

-Ахмадуудыг тэгш хамруулах ямар шийдэл байж болох вэ гэж бид ярилцаж байгаа. Эдийн засагт хүндрэл учруулахгүйгээр асуудлыг шийдэх бүрэн боломж байгааг эдийн засагчид хэлж байна. Бид ч судалгаа хийж үзсэн. Арилжааны банкуудын хийсэн судалгаагаар сард 30-40 тэрбум төгрөгийг эргүүлж төлдөг юм байна. Тийм учраас бонд гаргаад тэр зээлийг төлөх маягаар тэтгэврийн зээлтэй иргэдийнхээ өрийг нэг тэглээ бололцоо байна.

Нөгөө талаас зээл аваагүй 194.3 мянган ахмад байна. Тэднийг орхигдуулж болохгүй.  Тиймээс хөрвөх чадвартай эрхийн бичиг гаргаад тэр бичгээр нь хувьцааны ашиг хүртдэг, эсвэл эрүүл мэндийн бусад зүйлд ашиглаж болдог гэдэг ч юм уу ямар нэгэн байдлаар хөрвөдөг,  өсдөг байх асуудлыг ярилцаж байна. Өөрөөр хэлбэл, хувьцаа худалдаж алдагтай адил.

Нийт дүнгээр нь аваад үзвэл 729 тэрбум төгрөг болох юм байна. Зургаан саяас доош төгрөгийн зээлтэй ахмадууд гээд үзвэл 630 орчим тэрбум төгрөг өгөх шаардлага бий болж байна. Үүний зөрүү болох 150 орчим төгрөгийн зөрүү гарч байгаа. Энэ мөнгийг ваучер гаргахад зориулах зохицуулалт хийх бүрэн бололцоо байна гэж харж байна.

-Өчигдрийн байнгын хорооны хуралдааны үеэр зарим гишүүн өнгөрсөн арванхоёрдугаар сард 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл гарсан гэдэг мэдээлэл хийсэн. Энэ асуудлыг бүлгээр ярьсан уу?

-Бүх арилжааны банкуудтай Монголбанк хамтраад судалгаа гаргасан байна. 2016 оноос хойш арванхоёрдугаар сард 50-90 тэрбум төгрөгийн зээл тогтмол гарч байсан байна. Харин өнгөрсөн арванхоёрдугаар сард 51 тэрбум төгрөгийн зээл гарсан байна. 2018 оны арванхоёрдугаар сард 90 тэрбум төгрөгийн зээл гарч байна. Тэгэхээр 100 тэрбум төгрөгийн зээл гэдэг ташаа мэдээлэл.

-Тэтгэврийн зээлийг зогсоох асуудлын тухайд?

-Тэтгэврийн зээлийг зогсоож болохгүй. Яагаад гэвэл зээл аваад цаг тухайд нь төлдөг олон мянган ахмад настан байгаа. Тиймээс ахмадуудын боломжийг хааж болохгүй гэдэг дээр олон гишүүн байр сууриа илэрхийлж байгаа.

-УИХ-д нэр дэвших гэж байгаа гишүүдээсээ хандив авахгүй гэж намын дарга мэдэгдлээ. Үүнийг тодруулаагүй юу?

-МАН-ын дарга бүлгийн хурал дээр хариуцлагатай мэдээлэл хийлээ. МАН ирэх сонгуулиас эхлээд нэр дэвшигчдээсээ мөнгө дэнчин огт авахгүй гэж мэдэгдлээ. Харин орон даяар судалгаа явуулж, олон нийтэд таалагдаж байгаа нэр хүндтэй, ёс суртахуунтай хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсийг нэр дэвшүүлнэ гэсэн. Би хувьдаа үүнийг зөв гэж бодож байна. Нам цэвэршиж ёстой. Санхүүжилт нь ил байх ёстой.

-Судалгаа хэр шударга явагдах бол?

-Гишүүд яг энэ асуудлыг хөндөж байгаа. Судалгааг шат дараатай явуулна. Намаас явуулж байгаа судалгаанд гишүүд хөндлөнгөөс хяналт тавьж болно. Нэр дэвшигчид давхар судалгаа явуулж болно. Шударга, хүртээмжтэй байх тал дээр намын удирдлагуудын зүгээс хяналт тавьж ажиллана гэсэн.