Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

СТАТИСТИК: 2019 онд гэмт хэргийн улмаас хоногт 3 хүн нас барж, 24 хүн гэмтэж байжээ

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын хэмжээнд 2019 онд үйлдэгдсэн гэмт хэрэг, зөрчлийн тоон мэдээллийг ЦЕГ-аас танилцуулж, өнөөдөр мэдээлэл хийлээ.

 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны Статистик мэдээллийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа П.Батбаатар "2019 онд цагдаагийн байгууллагад нийт 31,524 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 4,696 буюу 13 хувиар, нийслэлд 20,261 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өмнөх оноос 5,391 буюу 21 хувиар тус тус буурсан.

Мөн хүний амьд явах эрхийн эсрэг, хулгайлах, гэр бүлийн хүчирхийлэл, залилах гэмт хэргүүд буурсан. Харин хүнийг санаатай алах, мал хулгайлах, эдийн засгийн гэмт хэргүүд өссөн байна.

Нийт гэмт хэргийн 14,956 буюу 47.4 хувь нь далд аргаар үйлдэгдсэн ба гэмт хэргийн илрүүлэлт улсын хэмжээнд 8.9 хувиар өссөн байна" гэв.

Статистик:

  • Улсын хэмжээнд хоногт 88/цагт 4/, нийслэлд 56/цагт 2/ гэмт хэрэг бүтгэгджээ.
  • Хоногт гэмт хэргийн улмаас 3 хүн нас барж, 24 хүн гэмтсэн байна.
  • 34 гэмт хэрэг тутмаас 1 хүн нас барж, 4 гэмт хэрэг тутмаас 1 хүн гэмтэж, нэг гэмт хэрэгт 5.1 сая төгрөгийн хохирол ногдож байна.
  • Гэмт хэрэгт холбогдсон 2 хүн тутмын нэг нь эрхэлсэн ажилгүй, 15 хүн тутмын 1 нь урьд нь ял шийтгэгдсэн байгаа бөгөөд 4 хүн тутмын нэг нь согтуугаар гэмт хэрэг үйлджээ.

"Өнгөрсөн жил нэгдсэн болон хэсэгчилсэн 800-аад аяныг зохион байгууллаа"

 
Гэрэл зургийг mpa.mn

ЦЕГ-ын Мэдээлэл дүн шинжилгээ шуурхай удирдлагын албаны дарга цагдаагийн хурандаа О.Зоригт "Өнгөрсөн жил нэгдсэн болон хэсэгчилсэн 800-аад аяныг зохион байгуулсан. Тэдгээрээс найман томоохон аяныг иргэд олон нийтийн дэмжлэгтэй хэрэгжүүлсэн нь бодитой үр дүнд хүрлээ. Тухайлбал, улсын хэмжээнд үйлдэгдэж байгаа 10 хэрэг тутмын 3 нь энгийн үгээр хэлбэл зодоон цохионы хэрэг байдаг байсан. Энэ төрлийн гэмт хэргийн эсрэг зохион байгуулсан "Нэг хором" аяны үр дүнд 18.3 хувиар буурлаа" гэдгийг онцлон хэллээ.