Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/09-НД НИЙТЛЭГДСЭН

Дорнод, Баянхонгор аймагт ханиад хүрсэн хүүхдийн эцэг, эхэд цалинтай чөлөө өгч байна

Г.Номин, iKon.mn
2020 оны 1 сарын 9
iKon.MN
Зураг зураг
00:00 00:00
Дорнод, Баянхонгор аймагт ханиад хүрсэн хүүхдийн эцэг, эхэд цалинтай чөлөө өгч байна
Sara, ikon.mn - text to speech

Томуугийн дэгдэлт улсын хэмжээнд ямар түвшинд байгааг ХӨСҮТ-ийн Томуугийн нэгжээс тодрууллаа.

-Томуу, томуу төст өвчний тохиолдол улсын хэмжээнд амбулаторийн үзлэгийн хэдэн хувийг эзэлж байна вэ?

-2020 оны 1 дүгээр долоо хоногийн мэдээгээр томуу, томуу төс өвчний амбулаторийн үзлэгт эзлэх хувь улсын хэмжээнд 11.3 хувь,  аймгуудад 14 хувь, нийслэлд 9 орчим хувьтай байна.

-15 хувиас дээш хэмжээтэй байгаа аймгуудын талаар мэдээлэл өгөөч, Тэдгээр аймгуудад ямар арга хэмжээ аваад байгаа вэ?

-Амбулаторийн үзлэгт 15-аас дээш хувьтай 10 аймаг байна. Эдгээр аймагт зохих арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэн ажиллаж байна. Эрсдэлт бүлгийн хүн ам буюу 5 хүртэлх насны хүүхдүүд, өндөр настан, жирэмсэн эмэгтэйчүүдийн гэрийн эргэлт, хяналтыг сайжруулсан, иргэдэд зөвлөгөө өгөх нээлттэй утсыг ажиллуулж байгаа.

Дорнод, Баянхонгор аймагт 5 хүртэлх насны хүүхэд нь томуу төст өвчнөөр өвчилсөн тохиолдолд эцэг, эхэд тав хүртэлх хоногийн цалинтай чөлөө олгох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна.

Өрхийн эрүүл мэндийн төв, ЭМТ-ийн амбулаторийн тасгийг уртасгасан цагаар ажиллаж байгаа.

-Нийслэлийн дүүргүүдэд мөн өвчлөл ямар хувьтай, эмнэлгүүдийн ачаалал хэдэн хувийн хэтрэлттэй байгаа вэ?

-Нэгдүгээр сарын 8-ны өдрийн байдлаар нийслэлийн дүүргүүдийн нэгдсэн эмнэлэгт 1,300 гаруй хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаагийн 88 орчим хувь нь амьсгалын замын үрэвсэлтэй.

Одоогоор 600 гаруй ор зохицуулан, нэмж дэлгэн ажиллаж байгаа.

-Томуугийн В вирүсээр үүсгэгдсэн дэгдэлт үргэлжилж байгаа юу, өөр вирүс эргэлтэд орсон уу?

-Хүн амын дунд улирлын томуугийн В,  А (H3N2) вирүс орчилд байгаа бөгөөд респиратор-синцитиаль, адено, риновирүс зэрэг бусад вирүсүүд зэрэгцэн тодорхойлогдож байна.

-Эдгээр вирүсийн халдвараас  урьдчилан сэргийлэхийн тулд юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Халдвар авахгүй, халдвар тараахгүйн тулд олон нийтийг хамарсан үйл ажиллагаа зохион байгуулахгүй байх хэрэгтэй. Түүнчлэн,

  • Шаардлагагүй тохиолдолд бага насны хүүхдийг авч, олон хүн цугласан газраар явахгүй байх,
  • Дулаан хувцаслаж, сайн хооллож, унтаж амарч байх,
  • Ханиаж, найтаасан тохиолдолд ам, хамраа алчуураар таглах тохио, суга руугаа ханилгах, амны хаалтыг тогтмол хэрэглэх, хоёр цаг тутамд солих,
  • Нүд, ам, хамар нь томуугийн халдвар тархах зам учир бохир гараа хүргэхээс зайлсхийх,
  • Гараа байнга савандаж угаах, ялангуяа ханиаж найтаасны дараа гараа заавал угаах, эсвэл спиртэн суурьтай халдваргүйтгэлийн уусмалаар гараа арчих,

Хэрэв та болон танай гэрийн хэн нэгэн томуугаар өвдсөн бол бусдад халдвар тараахаас сэргийлж сургууль, цэцэрлэг, ажилдаа явахгүй гэртээ үлдэж мэргэжлийн эмчид хандахыг зөвлөж байна.

Мөн ТТӨ-ий шинж илэрвэл яаралтай мэргэжлийн эмчид хандаж зөвлөгөө авах, дур мэдэн эмчлэхгүй байх хэрэгтэй.