Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/07-НД НИЙТЛЭГДСЭН

Тоёота компани Фүжи уулын бэлд ирээдүйн хотыг байгуулахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2020 оны 1 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Японы автомашин үйлдвэрлэгч Тоёота компани үлгэр жишээ “ирээдүйн хот”-ыг Фүжи уулын бэлд байгуулахаар болсноо өчигдөр АНУ-ын Лас Вегас хотод эхэлсэн CES (Consumer Electronics Show) арга хэмжээний үеэр зарлажээ.

Уг хот нь ямар ч хүлэмжийн хий үйлдвэрлэдэггүй, цэвэр устөрөгчийн эрчим хүчээр ажилладаг байх бөгөөд автомат жолоодлоготой машин, роботууд, хиймэл оюуныг турших “амьд лаборатори” байх гэнэ.

Одоо Фүжи уулын бэлд байдаг 70 гектар хэмжээтэй үйлдвэрийн талбайг хааж, “Woven City” нэртэй шинэ хот байгуулах ажлаа эхэлж байгаа ажээ. 

Шинэ хотод 2,000 орчим хүн амьдрах бөгөөд тэдгээрийн ихэнх нь Тоёотагийн ажилтнууд байх гэнэ. Хотын барилгын ажил ирэх онд эхлэх юм байна.

Хотын төлөвлөлтийг Данийн архитектор Бярке Ингелс гүйцэтгэхээр болжээ. Тэрээр Нью Йоркийн Дэлхийн Худалдааны Төвийн хос цамхаг, Цахиурын хөндий болон Лондон дахь Google компанийн төв байруудын загварыг боловсруулсан юм.

“Интернэтэд суурилсан, хараат бус, хүлэмжийн хий ялгаруулдаггүй, shared mobility буюу тээврийн хэрэгслээ дундаа хуваалцдаг шийдэлтэй хот нь ирээдүйн амьдралын хэв загвар юм” гэж Ингелс тайлбарлажээ.

Тоёотагийн гүйцэтгэх захирал Акио Тоёода “Дэлхийг илүү сайхан болгоход Тоёота мэтийн компаниуд хувь нэмрээ оруулах ёстой. Woven City бол энэ зорилгыг биелүүлэхэд чиглэсэн жижиг боловч чухал алхам байх болно” гэж мэдэгдсэн юм.

Хотын барилгууд голдуу модоор баригдах ба дээвэр нь нарнаас эрчим хүч үүсгэдэг байх гэнэ. Энэ нь устөрөгчийн эрчим хүчний хангамжийн нэмэлт эх үүсвэр болох юм.

Дэлхийн орон орны эрдэмтэд, судлаачдад “Woven City”-ыг бодит амьдрал дээрх инкубатор болгон ашиглуулах хүсэлтэй байгаагаа Тоёота компани бас мэдэгджээ.

 

Эх сурвалж: The Guardian