Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2020/01/06-НД НИЙТЛЭГДСЭН

Хүчирхэг Монгол “MFC-3” Ерөнхий сайдын ивээл дор болно

Г.Мөрөн, iKon.mn
2020 оны 1 сарын 6
iKon.MN
 

"MFC-3” холимог тулааны олон улсын тэмцээн Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулахаар болжээ.

Холимог тулааны “MFC” холбоо 2019 онд олон улсын хоёр тулаан зохион байгуулсан билээ. Тэгвэл энэ оны анхны тэмцээн 2-р сарын 1-ний өдөр “АСА Цирк”-д болох тов гарсан байна.

Энэхүү тэмцээнийг Монгол улсын ерөнхий сайд У.Хүрэлсүх ивээл дороо зохион байгуулснаар мэргэжлийн тамирчдаа дэмжиж, энэ төрлийн спортыг хөгжөөн дэмждэг залуусд болон олон нийтэд мэргэжлийн спортыг эерэгээр таниулах, нийгэмдээ сайн үйлс түгээх хандлагад тамирчдын оролцоог нэмэгдүүлэх зорилготой. Тэмцээнд АНУ, Япон, ОХУ, Буриад, Тува улсуудаас дэлхийн шилдэг тамирчид ирж оролцоно.

Өнгөрөгч оны зургаадугаар сард “MFC” холбооны хөнгөн жингийн анхны аваргын бүсийн төлөө тулалдсан Н.Отгонбаатар, М.Нандин-Эрдэнэ нарын дахин тулаан энэ удаагийн оргил тулаан байх юм. Тэднээс гадна Д.Батсүмбэрэл, “Ангууч” хочит Б.Баттөр, Б.Бүрэнзориг, Т.Ариунболд, А.Гантүлхүүр тэргүүтэй манай улсын шилдэг тулаанчид гадны тамирчидтай нударга зөрүүлнэ.

Сүүлийн жилүүдэд манай үзэгчид “UFC”, “One Championship” зэрэг дэлхийн шилдэг холбоодын тулааныг цаг алдалгүй шууд үздэг болсонтой холбоотойгоор хөгжөөн дэмжигчдийн цар хүрээ нэмэгдэж, Монгол улсаас ч олон шилдэг тамирчин төрөн гарах болсон. Үүний нэг тод жишээ нь Д.Батгэрэл юм.

Тэрбээр өнгөрөгч “MFC” холбооны тэмцээнд ялалт байгуулсны дараа “UFC”-тэй гэрээ байгуулж, албан ёсны эхний тулаанаа хэдийнээ хийгээд байгаа юм. Өөрийн эх оронд зохиогдох MFC-д амжилттай оролцсон тамирчид олон улсын тавцанд гарахад илүү дөхөм болж байгаагаараа энэ тэмцээний ач холбогдол улам бүр өндөр болж байна.

Дашрамд дурдахад “MFC-3” тэмцээний орлогоос тодорхой хувийг сайн үйлсийн аянд хандивлахаар төлөвлөж байгаа ажээ. Манай улсад мэргэжлийн тулааны анхны гавьяат Ж.Нарантунтгалаг төрснөөс өөрөөр төрийн өндөрлөгүүдийн түвшинд мэргэжлийн тулааны спортыг ингэж ивээл дороо дэмжиж зохион байгуулж буй нь анхных юм байна.