Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/24-НД НИЙТЛЭГДСЭН

"2019 онд замын хөдөлгөөний зөрчлийн торгууль 50 орчим тэрбумд хүрснээс 78 хувийг нь төлсөн"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 24
iKon.MN
Гэрэл зургийг Mpa.mn

Тээврийн цагдаагийн албаны 2019 оны тайлангийн хурлын үеэр ТЦА-ны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Э.Энхболдоос торгуультай тээврийн хэрэгслийн талаар товч тодрууллаа.

- Энэ онд хэчнээн жолоочид торгууль ногдуулсан бол?

-2019 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын улмаас улсад учруулсан хохирлын хэмжээ 31.8 тэрбум төгрөг. Үүнээс 28.2 тэрбум төгрөгийг төлүүлсэн.

Харин замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн бол бэлэн бусаар торгууль оногдуулдаг. Энэ жилийн тухайд ТЦА-наас нийт 2.02 сая зөрчил илрүүлсэн. Эдгээр зөрчлөөс 1.7 саяд нь торгуулийн шийтгэл ногдуулжээ.

Монгол Улс гуравхан сая хүн амтай. Гэтэл ийм их торгууль оногдуулснаас үзэхэд зарим жолооч удаа дараа зөрчил гаргадаг нь харагдаж байна.

Бэлэн бус торгуулиа иргэд 15 хоногийн дотор төлж барагдуулах үүргийг иргэд хүлээдэг.

- 2019 оны хувьд жилийн эцсийн байдлаар торгуулийн буцаан төлөлт нь хэдэн хувьтай байна вэ?

- Энэ оны арваннэгдүгээр сарын байдлаар торгуулийн буцаан төлөлт 78 хувьтай байна гэсэн судалгаа байна. Тодруулбал, зөрчил гаргасан жолооч болон ослын үед буруутай хүнд хуулийн дагуу ногдуулсан бэлэн бус торгууль гээд нийтд 50 орчим тэрбум төгрөг болсон. Үүнээс 78 хувийг нь төлсөн байна.

Энэ нь торгуультай 100 жолооч тутмын 78 жолооч торгуулиа хугацаанд төлж барагдуулаад, зөрчил гаргаагүй хөдөлгөөнд оролцож байна гэсэн үг.

Харин үлдсэн 22 хувьд буй жолооч нар удаа дараа зөрчил гаргасан. Тэгсэн мөртлөө шийтгэлээ хүлээж, торгуулиа хугацаанд нь төлөөгүй байгаа тээврийн хэрэгслүүд байна.

- Торгуулиа хугацаанд нь төлөөгүй тохиолдолд ямар хуулийн хариуцлага хүлээлгэх вэ?

- Торгуулиа хугацаанд нь төлөөгүй бол Зөрчлийн тухай хуулиар торгууль дээр нь 20 мянган төгрөг нэмж торгууль ногдуулах эрх зүйн зохицуулалттай.

Харин торгуулиа төлөлгүй удсан бол Цагдаагийн байгууллагаас шүүхэд нэхэмжлэл гаргаж, шүүхийн шийдвэрээр албадан төлүүлэх хуулийн зохицуулалт бий.

Мөн бид торгууль шийтгэлээ төлөхгүй, хуулийн хариуцлагаа хүлээхгүй байгаа иргэд рүү чиглэж хариуцлагыг чанаржуулж, сургалтад хамруулах арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөж байна.

- Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил нэмэгдсэн гэсэн мэдээлэл байна. Мөн энэ онд хэчнээн жолооч энэ төрлийн зөрчил гаргав?

- Энэ онд согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 31 мянган жолоочийг илрүүлсэн. Энэ  нь өнгөрсөн оны мөн үеэс долоон хувиар нэмэгдсэн үзүүлэлт юм. Жилд 31 мянган жолооч гэж тооцоолохоор өдөрт жолооч согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 орчим зөрчлийг илрүүлдэг гэсэн үг.