Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Өмнөд Солонгосын Го даамны мастер хиймэл оюуныг яллаа

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн сард зодог тайлах төлөвлөгөөгөө зарласан Өмнөд Солонгосын Го даамны мастер Ли Се Дол өнөөдөр хиймэл оюуны HanDol программтай эхний тоглолтоо хийж ялжээ.

HanDol программыг Өмнөд Солонгосын NHN Entertainment Corp компани зохиосон юм.

Энэ цуврал тоглолт нь Ли Се Долын хувьд зодог тайлахын өмнөх сүүлчийн тэмцээн болж байгаа. Тэрээр 2016 онд Google компанийн DeepMind программтай таван удаа тоглохдоо нэг удаа хожиж, хиймэл оюуныг ялсан цорын ганц хүн болсон юм.

 

Гэвч тэр цаашдаа хиймэл оюунт машиныг ялах боломжгүй болж байгаагаа хүлээн зөвшөөрч, зодог тайлах болсныг зарлаж байв.

Ли Се Дол өнөөдрийн тоглолтод оролцсоныхоо төлөө 150 сая вон, ялсны төлөө 50 сая вон, нийтдээ 200 сая воны ($171,610) шагнал хүртжээ.

Өнөөдрийн тоглолт харьцангуй амархан байсныг Ли ярьсан байна.

“Би ийм амархан хожино гэж бодоогүй. Маргаашийн тоглолт хүртэл хангалттай цаг байхгүй ч Handol системийг илүү сайжраасай гэж хүсэж байна” гэж тэр ярьжээ.

Хамгийн сүүлд долдугаар сард тэмцээнд орсон Ли Се Дол сүүлийн таван сар ямар ч бэлтгэл хийгээгүй нь зодог тайлахаар төлөвлөж байсантай нь холбоотой гэнэ. Харин энэ тэмцээнд оролцохоор шийдсэнийхээ дараа Го даамнаас өөр юу ч бодолгүй 10 өдрийг өнгөрөөсөн гэжээ.

Ли Се Дол нь өнөөдөр Го даамны дэлхийн хамгийн том мастер бөгөөд олон улсын 18 тэмцээн, дотоодын 32 тэмцээнд түрүүлснийхээ дараа зодог тайлж байна.

Го даам нь зүүн Азийн орнуудад дэлгэрсэн эртний Хятадаас гаралтай стратегийн хөлөгт тоглоом юм.

 

Эх сурвалж: Yonhap News