Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/18-НД НИЙТЛЭГДСЭН

Хайгуулын тусгай зөвшөөрөл олголтыг зогсоох шийдвэр гаргажээ

Б.Билгүүн, iKon.mn
2019 оны 12 сарын 18
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаас Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн олголтыг 1 жилийн хугацаанд зогсоох шийдвэр гаргажээ.

Энэ талаар Шадар сайд Ө.Энхтүвшин "2019 оны наймдугаар сарын 30-наас хойш 40 гаруй хүн 100 гаруй хоног ажиллаж, ашигт малтмалын зөвшөөрлүүдийг шалгаж нягталлаа.

Өнөөдрийн байдлаар Монгол Улсад 2,889 хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл байна. Үүнээс 1,225 нь хайгуулынх, 1,664 нь ашиглалтын тусгай зөвшөөрөл.

Зөвшөөрөл бүрийг нэг бүрчлэн 38 асуулгаар шалгасан. Лиценз бүр дээр маш тодорхой сан үүсэх боломжтой болсон учраас цагдаа, татвар, гааль, яамд гээд тал талд байдаг мэдээллүүдийг нэгтгээд мэдээллийн нэг сан бий болгох шийдвэрийг өнөөдөр Засгийн газраас гаргалаа.

Мөн өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаас байгаль орчин сүйдэх нөхцөл бүрдүүлж байгаа Түгээмэл тархацтай ашигт малтмалын тухай хуулийг хүчингүй болгох хуулийн төслийг даруйхан оруулж ирэхийг Д.Сумъяабазар сайдад үүрэг болголоо. 

Бичил уурхай эрхлэгчдийн асуудлыг мөн тогтож ярьсан. Бичил уурхайгаас ашигт малтмал олборлох журмын хэрэгжилтийг зохицуулж байгаа 151 дүгээр тогтоолыг хүчингүй болгох асуудлыг яриад бичил уурхайн газар дээр ажиллаад шийдвэр гаргахаар боллоо. 

Ашигт малтмалын хууль бус олборлолтын үйл ажиллагааг таслан зогсоох ажлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг түр түдгэлзүүлэх шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаас гаргалаа. 

Ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагаанд орон нутгийн байгууллага, иргэдийн саналыг заавал тусгах тухай журмыг Засгийн газарт оруулж ирэхийг холбогдох албаныханд даалгалаа" гэв.

Одоогоор ашигт малтмалын хайгуулын 1,225 тусгай зөвшөөрөл хүчинтэй байгаагаас 1999-2006 онд олгогдсон 76, 2007-2011 оны 314, 2012 оноос хойших 835 байгаа аж.

Мөн 257 тусгай зөвшөөрлийг өргөдлөөр, 605-ыг цахим өргөдлөөр, 167-г сонгон шалгаруулалтаар, 23-г дүйцүүлэхээр олгосон бол 2-ыг Цөмийн энергийн газраас ирүүлсэн, бусад 171 нь ашиглалтын зөвшөөрлөөс үлдээсэн, талбай нь хуваагдсан, нөхөн олгогдсон зэрэг тусгай зөвшөөрлүүд байгааг эх сурвалж мэдээлэв.