Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/17-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Батзандан: Сонгуулийн хуулийг батлахаас өмнө яагаад Долдугаар сарын 1-н болсныг ярих хэрэгтэй

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 12 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

УИХ-ын сонгуулийн тухай хуулийн төслийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэж байна. 

Л.Энх-Амгалан нарын 10 гишүүний өргөн барьсан сонгуулийн хуулиар 50+26 буюу 50 жижиг тойрог болон томсгосон нэг тойрогт жагсаалтын 26 нэр дэвшигч өрсөлдөх хувилбарыг дэвшүүлсэн. Гэвч энэ нь Үндсэн хуультай зөрчилдөнө гэж гишүүдийн олонх үзсэн учир МАН-ын Удирдах зөвлөлөөс томсгосон мажоритар тогтолцоогоор 2020 оны УИХ-ын сонгуулийг явуулах шийдвэр гаргасан билээ. Намын УЗ-ийн шийдвэрийн бүлэг хүлээн авсан. 

Энэ дагуу яг одоо Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаж, сүүлд дэвшүүлсэн хувилбарыг зарчмын зөрүүтэй саналаар хуулийн төсөлд оруулах асуудлыг хэлэлцэж байна.  

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд болон холбогдох төрийн байгууллагын төлөөллүүдийн байр суурийг хүргэж байна. 

УБЕГ-ын дарга Б.Баасандорж: Өмнөх хуулиар иргэдийн ямар мэдээлэл хаалттай, ямар мэдээлэл нээлттэй байхыг зааж өгөөгүй байсан бол одоо Бүртгэлийн багц хуультай холбоотойгоор нээлттэй, хаалттай гэсэн ангилалтай болсон. 2012 оны сонгуулиас эхлэн сонгогчид саналаа давхцахгүй өгөгдөл буюу хурууны хээгээр өгдөг болсон. Хүчин төгөлдөр үйлчилж буй хуулиар төхөөрөмж ажиллахгүй болсноос бусад тохиолдолд хурууны хээгээр сонгуулиа өгнө. Нэг хүн хоёр удаа санал өгөх боломжгүй. Бүртгэлийн систем тагнуулын хяналтын систем дээр явдаг тул дахин өгөх боломжгүй. 

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Хуруун дээр хийдэг бэхэн тэмдэглэгээг гурван шалтгаанаар боломжгүй гэж үзсэн. Бэхийг хийдэг үйлдвэр Энэтхэгт байдаг жижиг үйлдвэр. 2017 оны сонгуулиар авах гэсэн ч үйлдвэр нь хаагдсан байсан. Хоёрдугаарт бэхийг онгоцоор тээвэрлэх боломжгүй. Мөн тэмдэглэх явцад харшил илэрч, реакц үзүүлсэн. Дээр нь маш хүчтэй түлэгдэж, СЕХ-оос нөхөн төлбөр өгч байсан. Тухайн бэхийг үйлдвэрлэдэг газраас Афганистан, Монгол хоёр л авдаг байсан. Манайх 2008 оноос хойш аваагүй учраас үйлдвэр нь хаагдаж, дахин нийлүүлэх боломжгүй гэсэн. 

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Сонгуулийн хууль бодитой өөрчлөлтийг тусгаагүй байна. Хөөн хэлэлцэх хугацаагаар олон хүн орж ирэхээр байна. Авлига албан тушаалтай холбоотой хэрэгт холбогдсон хүмүүсийг яагаад шууд хасах боломжийг хуульдаа яагаад оруулаагүй юм

СЕХ-ны дарга Ч.Содномцэрэн: Одоогийн хүчин төгөлдөр хуулиар ял шийтгүүлж байгаагүй гэсэн заалт бий. Ял шийтгүүлж байсан бол ялгүйд тооцуулсан байх гэсэн заалт байсан. Ялынхаа хугацааг дуусаад цагаадсан хүн яагаад сонгуульд өрсөлдөж болохгүй байгаа талаар намуудтай уулзахад асуудал дэвшүүлж байсан. Тиймээс ял эдэлсэн ч хугацаа нь дуусаад цагаадсан бол сонгуульд оруулах, ял эдэлж байгааг хориглох заалтыг ажлын хэсэг дээр ярьж оруулсан

УИХ-ын гишүүн Ж.Батзандан: Олон мандаттай томсгосон тойргоор сонгууль явуулна гэж байна. Яг энэ тогтолцоогоор 2008 онд сонгууль явуулж, үймээн самуун болсон. Яагаад Долдугаар сарын 1-н болсон юм бэ гэдгийг эхлээд ярих хэрэгтэй. Энэ бол сонгогчдын болон нэр дэвшигч, намуудын сахилга батыг сулруулж, Долоодугаар сарын 1-н болгодог хууль шүү. Эрх баригчид Долдугаар сарын 1-н болохгүй гэдэг баталгаа гаргах ёстой

УИХ-ын гишүүн Д.Тогтохсүрэн: 2008 оны Долдугаар сарын 1-н бол сонгуулийн системээс болж үймээн самуун гарсан гэж үзэхгүй байна. Санал хураалтын хуудсыг гараар тоолсонтой холбоотой зөрчил маш их гарсан. 2012 оноос сонгуулийн автоматжуулсан систем ашиглаж байгаа учир зөрчил дутагдал гарахгүй бай. Мөн Сонгуулийн хуультай хамт Зөрчлийн хууль орж ирсэн. Зөрчил болгонд хариуцлага хүлээлгэж байгаа

Эрх баригч нам сонгуулийн системээ яагаад өөрчлөв гэж байна. Ажлын хэсэг 50+26 гэдэг хувилбар өргөн барьсан. Өргөн барьсан хуулийн төсөлд хувь тэнцүүлсэн тогтолцоо байна, Үндсэн хууль зөрчиж байна гэсэн шүүмжлэл байсан учраас энэ хувилбарыг авсан.