Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/16-НД НИЙТЛЭГДСЭН

Хятадын хоёр дипломатчийг тагнуулын ажиллагаа явуулсан шалтгаанаар АНУ-аас албадан гаргажээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 16
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн есдүгээр сард Виржиниа дахь нууц цэргийн бааз руу нэвтрэхийг оролдсон Хятадын хоёр дипломатчийг олон нийтэд мэдэгдэлгүйгээр АНУ-аас албадан гаргасан болохыг Нью Йорк Таймс сонин өчигдөр олж мэдээлжээ.

Энэ нь сүүлийн 30 гаруй жилийн хугацаанд Хятадын дипломатчийг тагнуулын хэрэгт сэжиглэж, нутаг дэвсгэрээсээ хөөсөн анхны тохиолдол болохыг Вашингтоны албаны эх сурвалжууд баталсан байна.

Нью Йорк Таймс сонинд өгүүлснээр дипломатчид эхнэрүүдийн хамт Виржиниагийн Норфолк дахь нууц цэргийн баазын харуулын пост дээр автомашинтай очжээ.

Тэдэнд нэвтрэх эрх байгаагүй тул харуулынхан хашаа руу нэвтэрсний дараа буцаж эргээд гарах боломж олгосон байна. 

Гэтэл Хятадын дипломатчид бааз руу нэвтэрч, цааш явсан бөгөөд цэргүүд араас нь хөөж, замыг нь ачааны машинаар хаан хүчээр зогсоож байжээ.

Дипломатчид дараа нь харуул бааз руу нэвтрэх зөвшөөрөл өгсөн гэж ойлгосон хэмээн тайлбарлажээ.

Тэд ямар зорилготой нууц цэргийн баазад нэвтрэхийг оролдсон нь тодорхой болоогүй гэнэ. АНУ-ын албаны зарим хүмүүс тэднийг цэргийн баазын хамгаалалт ямар түвшинд байгааг шалгасан байх гэж таажээ.

Улмаар дипломатчдыг өнгөрсөн намар АНУ-аас албадан гаргасан бөгөөд хоёр улсын аль аль нь энэ хэрэг явдлын талаар нийтэд мэдээлээгүй өнгөрсөн байна.

 

Эх сурвалж: AFP