Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/12-НД НИЙТЛЭГДСЭН

Эндүүрсэн багш, унтарсан сурагч

ikon.mn
2019 оны 12 сарын 12
iKon.MN
 
Зүүн гар талаас хоёр дахь хүн ХИС-ийн оюутан Ц.Мягмарсүрэн

Хүмүүнлэгийн ухааны их сургуулиас жил бүр  оюутан-сэтгүүлчдийн дунд зарлагддаг "Алтан Үзэг" наадмын нийтлэлийн төрөл дэх нэгдүгээр байр хүртсэн өгүүллийг уншигч та бүхэндээ хүргэж байна.      

Нийтлэлийг ХИС-ийн Сэтгүүл зүй, медиа технологийн тэнхимийн 2-р дамжааны оюутан Ц.Мягмарсүрэн бэлтгэв.

  Эндүүрсэн багш, унтарсан сурагч
 
Гэрэл зургийг MPA.mn

Томьёонд сайн ч толгой руу цохиж сургадаг багш, ажилчид олон бий.

Сэтгэл зүрхэнд хар үүл нөмөрсөн цагт үзсэн хичээл, хичээл биш яршиг болно. Одоо миний бичих зүйл хүн бүрт тохиолдоогүй, мөн хүн бүрийг ийм гэж ялгаагүй. Гэхдээ сануулах ёстой, болиулах шаардлагатай хэсэг бүлэгт зориулан бичив.

     Өсвөр үеийнхэн сэтгэл зүйн олон өөрчлөлтийг дайрч гарсан, одоо ч үе үе тааралддаг. Дотроо нууцхан хүсэж, мөрөөдөж зүрхлээгүй ирээдүйдээ эргэлзэж олон шалтгаанаар тархиа дүүргэчихээд хойш сууж гунидаг цаг мөчүүд зөндөө. Тогтворгүй хэрнээ ассан жилүүд гэлээ ч ойлгогдож өгөхгүй, унтарчихдаг бидний сэтгэл санаа. Айж, гутарч, эргэлзэж, эргэж буцсан бид. Ийм үед эгцлэн хараад хэлсэн дулаан үгс, чиглүүлсэн үйлдэл юу юунаас илүү шаардлагатай байдгийг сайн мэднэ. Хэрэгтэй биш шаардлагатай. Сурагч насанд сургууль дээр амьдралын ихэнх цаг өнгөрнө. Ээж, ааваасаа илүү багшийн царайг олон харна. Яагаад ч юм заалгасан онол, уншсан өгүүлбэрүүд сэтгэл санаа муухан үед надад хэрэгтэй эсэхийг нь ойлгодоггүй байсан. Надад би хэрэгтэй. Эрүүл, аз жаргалтай би. Гэтэл багш самбарт  заагаад л заагаад л. Цаг дуусч, намайг заасанг нь сурсанд итгээд яваад өгнө. Өөрийгөө олоогүй байхад, Х –ийг олох чухал биш байлаа. Үнэндээ тооны хичээл надад том болоод хэрхэх тухай заагаагүй ээ.

    Сурагчийн мэдлэгийн зам дардан байх нь багш хүн зөв залж өгсөн эсэхээс хамаарна. Шулуун замаар шунаж хийсэн хичээл хожмын өдөр мэдлэгтэй агаад сэтгэлийн боловсролтой иргэнг бий болгон. Тулгамдсан асуудлаа ярьж, хэцүү байвал хэцүүгээ хэлж, чадахгүй байвал хүчлэхгүй хүлээн зөвшөөрөөд илүү сайжирч чаддаг сурагчид олшрох хэрэгтэй. Сэтгэл тавгүй үед тавгүйрхсэн шалтгаан л тархинд эргэлдэнэ. Хичээл үр дүнтэй байж чадахгүй. Иймд багш, нийгмийн ажилчид арга барилаа сурагчиддаа ээлтэй болгож өөрчлөөсэй. Сэтгэл зүрх 40 минутын хичээлээр цаддаггүй юм шүү.

Барби хүүхэлдэй , буддаг номоосоо хагацаж, сурагчийн формтой найзалсан бага ангийн би бяцхан нүдээрээ харж болохгүй, жаахан зүрхэндээ мэдэрч болохгүй тийм зүйлийг харсан. Хичээлийн өдөр бие засах өрөө орох замдаа надтай чацуу найз маань багшид алгадуулж байхыг харсан юм. Ангийн хаалга онгорхой байсныг ч хэлэх үү алгадах чимээ тод сонсогдсон. Тэр хөөрхөн хацрыг ээж нь хамгийн үнэтэйд тооцож, амиараа хамгаалдаг шүү дээ. Үргэлжлүүлэн дэвтрийг нь уран улам уурлав. Уруулсан дэвтэр дээрээ хичээлээ нямбайлан хийх хүслээр дотроо дүүртэл нь цэнэглэчхээд байж байсан байх даа. Гэтэл амьдралын хатууг мэдэрч амжаагүй жаахан байхдаа хамгийн хатуу өвдөлтийг сурган хүмүүжүүлэгч багшаасаа тэр авсан. Магадгүй сурах хүсэл, биелүүлэх ирээдүйг нь дэвтэртэй нь хамт урчихсан байх.  Ингээд би харагдахаасаа эмээн шуудхан гүйлээ. Араас  багш  ирээд харсан гээд алгадчихвий гэхээс аймаар. Хэн ч намайг хөөгөөгүй ч...

"Багш та хүүхэд шуугьсан их өргөөний эзэн

Багш та хүсэл долгилсон ирээдүйн замын эх юм"  гээд л цээжилж, сургуулийн үүдээр жаргалтай орж ирдэг байсан би хамгийн гоё гэж боддог  хүнээсээ холдоод алга болчихмоор санагдсан юм. Уншдаг байсан мангастай үлгэрийн номондоо өөрөө яваад орчихсон ч юм шиг. Тэр үед найзыгаа мангасаас аврах зориг надад байгаагүй ээ.  Харин одоо бол хэлэх зориг, бичих зориг, зогсоох хүсэл надад байна.

     Сэтгэл зүйн асуудлууд замхарч алга болоод, зай тавиад өгчихдөг амар эд биш юм билээ. Завсар олдвол шургаж ороод тухлах шинжтэй. Даамжирвал мэдээж хортой. Хүн хийж бүтээж байж амьдарна. Хоолоо олж иднэ.  Гэр бүл бий болж, нийгэм хэвийн оршино. Гэхдээ аливааг хийх сэдэл юунаас төрдөг вэ гэдгээс  эхэлье. Эрүүл, тайван, аз жаргалтай тархинаас. Харин эрүүл сэтгэл зүй бага наснаас эхэлнэ. Сургууль дотор. Ил асуудлын мөрөөр, мөн барьж авсан сэдвийн хүрээнд үүнийг дэлгэрүүлэн бичих нь мэдээж. Гэхдээ юу юунаас илүү чухал зүйлийг тоохгүй тоосон ч ойлгохгүй байгаа хүмүүст, энэ зүйлийг маш хүчтэйгээр даван туулж яваа хүмүүсийн төлөө бичихээр шийдлээ. Эхний алхмаа хийлээ.  

Баримт1: Саяхан нэгэн  багш  сурагч хүүгийн элгийг цөмлөснөөр эхийнх нь элгийг эмтэлсэн хэрэг гарсан. Мэдээж ийм явдлын дараа эх, хүү хоёрын хэнийх нь ч элэг дэвтэхгүй. Шалтгаан нь хичээлд хоцорсон, хэдий  тийм  байлаа ч багшийн энэ шийтгэл хүүг  цаашид  гарч ирэх олон боломжуудаас хоцорч үлдэхэд хүргэж болзошгүй. Хичээлд хоцрох ,амьдралд хоцрох хоёр ялгаатай.

Баримт 2:  Баянгол дүүргийн лаборатори 93 дугаар сургуулийн багш нэгдүгээр ангийн сурагчаа эмээдээ хов зөөсөн гэж зоддог байжээ. Багш мэргэжлийг сонгохдоо хүүхэд болон хүүхдийн зан төлөв ямар байх талаар сайн мэдэж байж сонгох хэрэгтэй. Байгалиасаа өгөгдсөн зан төлөвөө хянах чадвар муутай байдаг. Энэ нь зодуулах шалтгаан биш.

  Эдгээр жишээнүүд бие махбодынх. Гэтэл бидний гэм загнаж зандрах, хэл амаар доромжлохыг хурцалж, хүчтэй болгох гэж аль эсвэл сайн сайхных нь төлөө хийдэг гэх мэтээр аргацааж далдалдаг. Амнаас гардаг үг гэдэг үйлдэлтэй маш дөхөж очно.  Яг л ижил хохирол учруулж чадна. Иймд 12 дугаар ангийн сурагчтай ярилцав. Түүний хүсэлтийн дагуу хувийн мэдээллийг нь нууцалж байна.

- Багшийн харилцаа ямар байхаас шалтгаалж хичээлд оролцох идэвх чинь нэмэгддэг үү ?

- Тийм.  Магадгүй хүүхэд болгоны зан төлөв өөр болохоор нэг их тоохгүй байж болох ч багш сурагчийн хоорондох уур амьсгал хамгийн чухал гэж боддог. Манай найзууд хоорондоо тэр багш гоё бид нартай  ярилцдаг, энэ багш дандаа л бид нарын урмыг хугалахаар сонин  үг хэлдэг гэх мэт багш нараа хандлагаар нь ялгачихсан байдаг.  

Мэдээж бид  багшийн оролцоо ганцхан ном уншуулж, самбарт бичиж, дэвтэр шалгахаас илүү байгаасай гэж хүсдэг тухай ч их ярилцдаг. Хичээлдээ сайн ч багш нь таалагдаагүй болохоор илүү дотно болж чадахгүй өгснийг нь аваад л явж байдаг хүүхдүүдийг ч мэднэ. Тийм болохоор сургууль зөвхөн хичээл хийлгэх биш хүн хоорондын харилцаанаас эхлээд амьдралд ойр зүйлсийг багшаар дамжуулж заалгах нь зөв байх.

- Чамд багштайгаа тааруу харьцаатайгаасаа болоод хичээлээ хийхэд хүндрэл гарч байв уу?

- Тийм, уг нь миний хамгийн сайн чаддаг хичээл, бас дуртай ч гэсэн өөрийн хийх ёстойгоо хийгээд өөрөө өөртэйгөө ажилласаар байгаад л хичээлийн цаг дуусчихсан байдаг. Гэхдээ дээр хэлсэнчлэн надад энэ хичээл дээрээ илүүг мэдэж авах хүсэл зөндөө бий, багштайгаа хичээлийнхээ хүрээнд олон сэдвээр ярилцах ч хүсэл байдаг. Тэгсэн ч өмнө нь болж байсан зүйлээс болоод нэг л итгэл төрж өгдөггүй юм аа. Багш ангийн маань найзыг хичээлийн цагаас хоцорсон гээд гэдэс рүү нь цохиж,  олон муухай үг хэлж байсныг би болон манай ангийнхан харсан. Адилхан жишээнүүд ч бий. Энэ бол хүнд гар хүрч болох хамгийн тэнэг шалтгаан. Ердөө л хичээлд хоцорсон гээд цохиулах юм бол дэвтэр үзэг  бидэнд хэрэггүй.  Хичээлээ тэр багшаар заалгаж  сураад ч хэрэггүй байх. Ядаж хоцорсон шалтгааныг асуух хэрэгтэй шүү дээ.

- Өөр ажиглагдсан жишээнүүд байна уу? Багшийн ёс зүйтэй холбоотой.

- Миний мэдэхээр өөр сургуульд сурдаг найзуудын маань сургуульд ч муухай жишээнүүд байдаг, найзууд маань ч адилхан хичээлдээ заримдаа оролцох сонирхолгүй байна гэж ярьцгаадаг.  Багш хийсэн бие даалтыг минь ураад шидсэн,  намайг тэнэг гэсэн,  алгадуулсан, чимхүүлсэн,  ангийнхны өмнө баахан загнаж хичээлд оролцуулаагүй хөөж гаргасан гэх мэт. Багшийн ёс зүй ямар байх ёстойг бүгдийг мэдэхгүй ч эдгээр жишээ яагаад ч ёс зүйтэй багшийн үйлдэл биш гэдгийг хэн ч сонссон мэдэх байх.



    Даалгавар хийсэн дэвтрээ тэг дундуур нь уруулчхаад ирсэн дөрөвдүгээр ангийн дүүд минь “Аан манай багш дэвтрийг минь угаасаа  урах ёстой юм байна”  гэсэн бодол битгий суугаасай гэж үнэхээр хүсэж билээ.

Иймэрхүү үйлдлийг зогсоодог биш дасаж тоохоо болих вий гэхээс айж байлаа.

Дүү минь тооны хичээлдээ сайн биш болохоор давтлагад явж хичээдгийг нь мэднэ. Алдахаар багш загнадаг, өнөөдөр  манай ангийн хэнийг бас ингэж загнасан гэж их ярьдаг юм. Манай гэрийнхэн өнөө зангаараа багшдаа загнуулах зүгээр,  чиний төлөө л загнаж байгаа юм гэсэн хариултыг өгнө. Гэтэл нэг өдөр манай ангийнхныг “хүүрнүүдээ” гэж хэлсэн,  дахиад нэг өдөр шугамаар толгой уруу цохисон, мөн өөр нэгэн өдөр уруулсан дэвтэртэйгээ хамт гэртээ ирэв. Олон сонссон болохоор, нүдээр үзэхээр хичээлийнх нь үеэр ангийнх нь үүдэнд очоод дүүдээ тэгэхэд л нэг итгэв. Ажил бол ажил, хийвэл хийсэн шиг хийж, сэтгэлээсээ хандан, цалингаа бодуулах ёстой.



Багшийн харилцаа хичээлд оролцох хүсэл, үргэлжлүүлэн сурах эрмэлзэл зэрэгт нь нөлөө ихтэй гэж ангийн 97% хариулав

 39 хүүхэдтэй 9 дүгээр ангийн сурагчдаас судалгаа авлаа.

   Багшийн харилцаа хичээлд оролцох хүсэл, үргэлжлүүлэн сурах эрмэлзэл зэрэгт нь нөлөө ихтэй гэж ангийн 97% хариулав.

Үргэлжлүүлэн Багшийнхаа таагүй үйлдлээс болж зайгаа барьж байсан 24 сурагч  энэ ангид багшаасаа хол хөндий сурч боловсорч байгааг мэдлээ.  Гэтэл хамгийн ойр ажиллаж , хоёр дахь гэр болсон сургуульд эцэг, эхийг нь орлон аливааг сургах үүрэг багшид бий. 24 хүүхэд сэтгэл ханамж, хүсэл эрмэлзлийг хичээлээсээ мэдэрч байж цаашдын амжилттай алхмууд хийгдэнэ шүү дээ. Монголын 24 ирээдүй ийм байдалтай байна.

   Багш чамайг хэл амаар доромжилж байсан удаа бий юу? 

74% буюу 29 хүүхэд тийм гэв. Манайд багшийн нэр хүнд эцэг, эхчүүд дунд өндөр байдаг. Багшийн хэлсэн үг хууль.Үүнийгээ дагаад эцэг, эхчүүд итгэлээ харамгүй хүлээлгэдэг. Гэтэл тэдний 29 хүүхэд  багшийн хэлсэн алт шиг үнэ цэнэтэй үгэнд хүмүүжиж биш мэс шиг хүйтэн үгэнд зүсэгдэж байна. Мөн багшдаа  загнуулснаасаа болж хичээлдээ дургүй болсон 23 сурагч байв.

Зөвхөн дур сонирхол өндөртэйгөөр, эрүүл, аз жаргалтай тархиар сэтгэж, сэтгэл ханамжийг мэдэрч чадсан сурагч л амжилттай суралцаж чадна.        

  Хүүхдэд хүүхдийн эрхийг нь зааж сургах ёстой, тийм ч үүрэгтэй зарим албан газарт сурагчийн эрх, багшийн ёс зүйтэй хамт тэнэн оджээ.

Эрхээ эндүүрсэн багш нар эргээд нэг бодоорой. Ажил мэргэжил тань бусдад яаж нөлөөлөх ёстой тухай. Хамгийн чухал үүргийг хүлээсэн хүн гэдгээ. Хүн болохоо тунгаагаарай. Үүний эсрэг хийгдэх үйлдэл бол эрхээ мэддэг, эдэлж чаддаг болох юм. Багш болон бусад ажилчин сэтгэл санааны дарамтад оруулах , гар хүрэх,  хэл амаар доромжлох үед өөрийгөө хамгаалан,  арга хэмжээг авч мэддэг сурагчид олон байх хэрэгтэй.

Шийтгэл ногдож байж таслан зогсоогдох эхлэл тавигдана. Иймд би бурууг шүүмжилдэг, үнэнг эрдэг, хэлэхээ хэлдэг , сурагчид олон байгаасай гэж бодлоо.

  “Суралцагчид сэтгэл санааны дарамт үзүүлсэн бол хүнийг хорин нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгонo” гэж Зөрчлийн тухай хуулинд заасан байдаг.

Тэгвэл зөрчил гаргасан багш халагдаад асуудал шийдэгдэх мэт боловч, өөр сургууль руу шилжин ажиллах магадлалтай.

Хэрэг дахин давтагдах боломжтой болно.

Энэ тал дээр манай боловсролын байгууллагууд анхнаасаа хүүхэдтэй ажиллаж чадах эсэх, зан төлөвийн доголдолтой эсэх, чадвартай байж болох ч өнөө сэтгэлийн боловсролоо гээсэн нэгэн байх вий  зэрэгт олон шатлалтайгаар , өндөр шаардлага тавьж ажилд авах хэрэгтэй юм. Мэдээж тэгэсгээд орхихгүй, багш ажилчиддаа сурагчидтайгаа яаж ажиллах, олон хичээлийн хажуугаар орхигдоод байгаа сурагчийн сэтгэл зүйн байдлыг судлах зэрэгт тохирсон сургалт уулзалтыг тогтмол хийдэг байх чухал байгаа юм.

Үсээ задгай тавилаа гэж түлхүүрийн оосроороо толгойг минь цохиж, найзтай минь нийлүүлэн сургууль дотор хүмүүсийн дэргэд үстээд зогсож байлаа

Дахин нэг судалгаа. Энэ удаад өөр бүлгийн сурагчдаас авсан юм. 41 суралцагсад оролцов.

Чамд сэтгэл зүйн эрүүл мэнд хэр чухал вэ? 

34 хүүхэд маш чухалт тооцдогоо хэлэв. Яахын аргагүй чухал. Тэд үүнийг мэдэж байгаад миний бие их баярлаж байлаа.

Хэрвээ танай сургууль сэтгэл зүйн өрөөтэй, зөвлөх ажилтантай болбол чи асуудлаа ярилцаж, дэмжлэг авахыг хүсэх үү ? Сургуульд сэтгэл зүйч байх шаардлагатай юу? 

100% тийм гэж хариулжээ. Энэ бол зөвхөн нэг ангийнхны сэтгэл зүйн эрүүл байдлаар хэрхэн дутагдаж байгаагийн жишээ. Үнэхээр тэдэнд шаардлагатай байгаа. Нээж хэлээгүй, ойлгож амжаагүй олон асуудал толгойд нь эргэлдэнэ. Хэнд хандаж, юу хийх, яаж дээрдэх вэ гэх асуултууд дундаа будлиж яваа. Хэрэгцээ, хэрэглэгч хоёул байхад сургуулиуд үүнийг нь хангаж өгөх хэрэгтэй.

Танай сургуулийн нийгмийн ажилтан сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээг өгч дэмжиж чаддаг уу?

Ангийн 30 хүүхэд үгүй хариултыг сонгожээ. Тэд нийгмийн ажилтнаа зорьж очих ёстой эсэхээ ч мэдэхгүй, нийгмийн ажилтны албан үүрэг, тэдэнд яаж тусалж чадах талаар мэдээгүйгээсээ болж үгүй гэв. Эсвэл нийгмийн ажилтан нь тэднийг зорьж ирдэггүй.

Сургуулийн нийгмийн ажилтныхаа үүргийн талаар мэдэх үү?

70% мэдэхгүй гэж хариулав. Асуудал тулгарахад сурагчид нийгмийн ажилтандаа хандаж, зөвлөгөө авах боломжтойгоо мэддэггүй. Би ч адилхан огт ойлголтгүй явсаар төгссөн. Эсрэгээрээ нийгмийн ажилтан маань эдгээрийн ихэнхийг зөрчсөн болж таарлаа. Би дуугүй өнгөрч байсандаа одоо л дөнгөж харамсав.

Үсээ задгай тавилаа гэж түлхүүрийн оосроороо толгойг минь цохиж, найзтай минь нийлүүлэн сургууль дотор хүмүүсийн дэргэд үстээд зогсож байлаа. Үнэхээр том бардамнал, том төөрөгдөл тэр хүний дотор багтаж  байгаа юм шүү.

Мэргэжлийн ёс зүйн нэг мөрт ч тархинд нь орж ирээгүй, аль эсвэл ёс зүй түүнд огт хамаагүй. Хувийн сургуульд төлсөн төлбөрийнхөө хариуд тэр үед үнэхээр надад шаардлагатай байсан сэтгэл зүйн зөвлөгөөгөө авч чадалгүй төгссөн. Одоо харин аваагүйдээ баярлаж байна. Надад ёс зүйгээ мэдэхгүй хүний ганц өгүүлбэр ч хэрэггүй. Мэдээж зөвхөн надад ийм зүйл тохиолдсон юм биш, нүдээрээ харсан  хүүхдүүдийн жишээнүүд ч бий.

Танай сургуульд сэтгэл зүйн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг хүн байгаа юу?

77% нь байхгүй гэв.

Хэрэв сургуульд сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг өрөө бий болбол ямар байх вэ?

Дийлэнх нь маш хэрэгтэй, сэтгэл санаагаар унахгүй гоё байна гэж хариулсан байв.

Сэтгэл зүйн дархлаатай байдал чухал гэдгийг нотлох олон бараан явдлууд бий.

Хүмүүс тоодоггүй, өөрөө хямралд өртсөнөө ч бараг мэддэггүй. Асуудлаа ойшоохгүй эрчилж хураасаар байгаад зангирч орооцолдон таг гацах аюултай.

Тэр үед хэнийг зорихоо мэддэг байгаасай. Хүн хүндээ дэм болж чаддагийг ч бас мэдээсэй. Тулгарч болох олон муухай бий, гэхдээ сайхан илүү олон. Тэр сайхан талыг харах гэтэл сургууль дотор туслах хэн ч байсангүй. Тэгээд аяндаа болох биз гээд орхитол улам дордсон. Хэрэгт холбогдож, сэтгэлээр гутарч, хүсээгүйгээ хийх зам л олдов.

Сурагч ийм бодолтой ширээнийхээ ард суугаа.

Мэдээж бүгд биш ч, хэр их хүн ийм байдалтай байгааг хэлж  мэдэхгүй. Судалж, ярилцаж, ойлгож тэднийг гэж байж л тэд сурахыг хүсэж ирээдүйгээ бүтээх замыг олно. Эс бөгөөс, томчууд тоохгүйгээс жаалууд бараан замыг сонгоно. Бодоод нэг үзээрэй. Сэтгэл зүрхэнд сайн зүйлс багтах зайгүй, муугаар дүүрсэн байх ямар хортойг. Юу ч бүтэж, шийдэгдэж шидээ өгөхгүй.

Бид “Ирээдүйн боловсон хүчин”,  “Монголын ирээдүй болсон сурагчид”  гэж ярих дуртай. Гэтэл ирээдүйгээ өнгөтэй харахгүй байвал яах вэ? Өнөө Монголын ирээдүй эрүүл бус сэтгэл зүйтэй Монголоо хөгжүүлэх хэрэг гарна. За бараг хөгжүүлэхгүй дээ.

Дахин хэлмээр байна. Эрүүлээр сэтгэдэг, тогтвортой сэтгэл зүйтэй, хийх урамтай хүн л ихийг хийнэ. Хөгжил ийм энгийнээс л үүдэлтэй болов уу.  

Их хотын соёлтой иргэн, ёс зүйтэй хувь хүн, шаргуу хөдөлмөрч, сайн сэтгэлт иргэн ингэж л үүснэ. Орхигдсон энэ сэдвийг тоох цаг мөн. Хүүхдүүд бидэнд сургууль дээрээ очоод элдэв муухайг бодох цаг биш ихийг сурч, өөрийгөө нээж олох цаг хэрэгтэй байна. Бид тоо бодож суусаар, томоогүй бага насаа таг мартаж орхижээ. Би хэн болохоо бодох тухайг бүр хаяжээ. Хөрстийн амьдралд хөл алдвал яах тухай, өөрөөсөө өөр хүн болбол хэрхэх тухай, хүнийг хайрлах талаар, бүгд  харанхуйлсан ч гэрэлтэй замыг сонгох тухай олонг бид заалгамаар байна.

Орчлон хорвоогийн нарийн учрыг олохыг, хорвоод төөрөхгүй байхыг мөн мэдмээр байна.