Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/11-НД НИЙТЛЭГДСЭН

Кремлиэс Путинийг зайлуулах зорилготой Якут бөөг дахин баривчилжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Энэ оны эхээр Якутын бөө Александр Габышев гэгч Москва хотод хүрэхээр аялалаа эхэлсэн бөгөөд нийт 2,000 гаруй километр замыг явган туулж байв. Тэрээр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путинийг Кремлийн ордонд үүрлэсэн ад чөтгөр хэмээн нэрлэж, түүнийг зайлуулахаар яваагаа ярьж байжээ.

Гэвч түүнийг есдүгээр сард Буриадад ирэх үеэр нь цагдаа нар баривчилж, төрөлх Якутад нь буцаасан юм.

Габышевыг эхлээд сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд дараа нь сулласан байна. Шүүх түүнийг экстремист үзэл санааг Оросын иргэдэд тараасан хэмээн буруутгаж, Якутаас гарахыг нь хориглосон юм.

Тэгвэл Габышев өнгөрсөн Бямба гарагт өөрийг нь дэмжигч хоёр хүн болон Сибирийн Лайка үүлдрийн дөрвөн нохойны хамт дахин Москваг чиглэн замд гарчээ.

Одоо Якутад Цельсийн -44 хэм хүртэл хүйтэрч байгаа. Габышевыг Якутаас гарахыг хориглосон шийдвэрийн хугацаа аравдугаар сарын дундуур дууссан юм байна.

Тэгвэл Габышевыг өчигдөр буюу Мягмар гарагт зам дээрээс баривчлан саатуулсан тухай ойрын эх сурвалжууд нь мэдээлжээ. Түүнийг саатуулах болсон үндэслэл тодорхойгүй байна.

Аравдугаар сард Якутын шүүх Габышевыг сэтгэцийн хувьд тогтворгүй гэсэн дүгнэлт гаргаж байжээ. Харин дараа нь хүний эрхийн байгууллагуудын хүсэлтээр хараат бус мэргэжилтнүүд түүнийг шинжээд сэтгэц нь хэвийн гэсэн дүгнэлт гаргасан юм.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty