Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Авлигад хамгийн их өртсөн байгууллагаар хууль, шүүх болон улс төрийн намууд эрэмбэлэгдлээ"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг

“Авлигын талаарх олон нийтийн ойлголт, мэдлэг тогтоох судалгаа”-г Сант марал сан болон Азийн сан хамтран 14 дэх удаагаа зохион байгуулж, тайланг өнөөдөр танилцууллаа.

Оролцогчдыг санамсаргүй түүврийн аргаар сонгосон байна. Түүнчлэн энэ удаагийн судалгаа нь Канад улсын Гадаад хэргийн яамны санхүүжилтээр Азийн Сангаас хэрэгжүүлж буй “Ардчилсан Оролцоотойгоор төрийн албан сайн засаглал ил тод байдлыг бэхжүүлэх нь" (STEPS) төслийн хүрээнд явуулсан дөрөв дэх удаагийн судалгаа байжээ. 

Азийн сангийн Суурин төлөөлөгч Марк Кэйниг “Судалгааны зорилго нь авлигын талаарх Монголын ард түмний үзэл бодол, үнэлэмжийг олон нийт, бодлого тодорхойлогчдод хүргэх явдал юм. 

Эхний үр дүн нь оролцогчдын 93.6 хувь нь авлига бол Монголд нийтлэг үзэгдэл болсон гэж дүгнэсэн. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд хээл хахуулийн шинжтэй зүйл өгсөн гэдгээ хүлээн зөвшөөрсөн иргэдийн тоо 3.3 хувь болж буурсан.

Түүнчлэн авлигад хамгийн их өртсөн байгууллагаар улс төрийн намууд нэрлэгдлээ. Үүний дараагаар хууль шүүхийн байгууллага эрэмбэлэгдэж байгаа нь иргэдийн итгэл буурсныг илтгэж байна. Гэхдээ энэ нь төсөөлөл гэдгийг ойлгох хэрэгтэй. Иргэдийн энэхүү төсөөлөл нь хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж буй мэдээлэл, тохиолдлуудын талаар ам дамжсан ярианаас үүсэн төлөвшсөн” хэмээлээ.

Мөн энэ жилийн судалгаанд оролцсон хүмүүсийн 87 хувь нь төр, засгийнхан авлигатай тэмцэх үйл ажиллагааг хангалтгүй хийж байна гэж дүгнэжээ. Үүний зэрэгцээ Авлигатай тэмцэх газрын үйл ажиллагаанд ихээхэн итгэл найдвар хүлээлгэж байгаа нь судалгааны явцад ажиглагдсан байна. 

"Дээд түвшний авлигатай тэмцэх Засгийн болон иргэний нийгмийн үүрэг оролцоо чухал"

Сант Марал сангийн Гүйцэтгэх захирал Л.Сумади “Авлига газар авсан нь хэдэн жилийн турш ажиглагдаж байна. Гэтэл жижиг авлига буурч байхад авлигын үзүүлэлт яагаад өндөр байсаар байна вэ гэдэг асуулт гарна. Хариулт нь дээд түвшний авлига газар авсан гэсэн үг.

Дээд түвшний авлигатай хэн тэмцэх вэ гэсэн асуулгад Засгийн газар нэгдүгээрт жагссан. Хэрвээ Засгийн газар чадахгүй бол иргэний нийгмийнхний үүрэг оролцоо чухал болно. Харин "бие султай" иргэний нийгмийг бүр сэхээнд оруулах санаатай байх шиг байна. Тун удахгүй гарах шинэ сонгуулийн хуулиар байдал хүнд болох магадлалтай” гэв. 

Судалгааны дүнг товчоор дурдвал:

  • 2019 онд судалгаандоролцогчдын 93.6 хувь "авлига нь манай улсадхэвийн үзэгдэл болсон" гэдэгтэй санал нийлсэн нь 2018 оныхоос давсан үзүүлэлт боллоо.
  • Гэсэн хэдий ч жижиг авлигын тохиолдлын буурах хандлага үргэлжилсээр 2019 онд 3.3 хувьтай байна.
  • Олон нийт Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн засгийн газрын авлигатай тэмцэх чиглэлээр хийсэн ажлуудыг дэмжиж байгаа нь харагдлаа.
  • 2019 он улс төрийн намууд болон шүүхийн тогтолцооны авлигын түвшингийн талаарх сөрөг хандлага нэмэгдэж байгааг харуулсан.
  • Улс төрчдийн авлигатай тэмцэх хүсэл эрмэлзлийг доогүур үнэлэх хандлага хэвээр үргэлжилсэн бөгөөд 88 хувь нь улстөрчид асуудлыг шийдвэрлэх маш бага эсвэл огт хүсэлгүй байна гэж судалгаанд оролцогчид илэрхийлжээ.
  • Цахим сүлжээний ач холбогдол тасралтгүй нэмэгдэж байгаа хэдий ч авлигын талаарх мэдээллийн хамгийн чухал эх сурвалж телевиз хэвээр байна.

 

 

 

Тайланг бүтнээр үзэхийг хүсвэл энд дарна уу.