Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Махгал: "Таван толгой" ХК-ийн ажилчид цалингийн нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүй болоод байна

Г.Номин, iKon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
 
Гэрэл зургийг mpa.mn

"Таван толгой" ХК-ийн ҮЭ-ийн хорооноос өнөөдөр мэдээлэл хийлээ.

Хууль шүүхийн байгууллагуудаар эцэслэн тогтоогдож, нотлогдоогүй нүүрс хулгайд алдагдсан гэх мэдээ мэдээллийг цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр удаа дараа цацсанаас болж үр дүнд нь уурхайчид хохирч байгааг тэд хэлсэн юм.

 
Гэрэл зургийг mpa.mn

"Таван толгой" ХК-ийн ҮЭ-ийн хорооны дарга Д.Махгал "Манай “Тавантолгой” ХК нь 1966 оноос өдийг хүртэл үйл ажиллагаагаа тасралтгүй 53 дах жилдээ явуулж, говь нутгийнхаа ард түмнийг илч дулаанаар хангаж, БНХАУ-д анх удаа нүүрс экспортолж, гурван үеийн уурхайчид ажилласаар ирсэн арвин баялаг түүхтэй.

Тус компанийн 51 хувь нь Өмнөговь аймгийн өмчлөлд, 49 хувь нь гадаад, дотоодын хувьцаа эзэмшигчид эзэмшиж, төрийн өмчит "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн өмчлөл бүхий талбайн дунд 169 га талбайд нийт 180 гаруй ажилчидтайгаар үйл ажиллагаа явуулдаг.

"Таван толгой" ХК-ийн ажилчдын Үйлдвэрчний Эвлэлийн Хороо нь уурхай байгуулагдсан цагаас эхлэн, сайн дурын үндсэн дээр эвлэлдэн нэгдэж, ажилчдынхаа нийгэмд тулгамдсан асуудлууд, эрх ашгийг хамгаалж, Ажил олгогч, ҮЭХороо хооронд “Хамтын гэрээ” байгуулан зүйл заалтуудыг нь мөрдлөг болгон ажилладаг юм.

Гэтэл сүүлийн хоёр жилд цахим орчин, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр “Таван толгой” ХК-ийн нэр хүндэд халдаж, хууль хяналтын байгууллагуудын эцсийн шийдвэр, дүгнэлт гараагүй байхад зарим хүмүүс олон зуун мянган тонн нүүрс алга болсон мэтээр ярьж, улс төржсөн мэдээ мэдээллүүдийг удаа дараа санаатайгаар тарааж байгаа нь компанийн бизнесийн нэр хүндэд нөлөөлж, хувьцааны ханш унах, худалдан авагчид итгэл алдрах зэрэг сөрөг байдлууд бий болж байна.

Дээрх байдлаас үүдэн хууль хяналтын байгууллагуудын удаа дараагийн шалгалтууд нь компанийн үйл ажиллагааг доголдуулж, зөвхөн өнгөрсөн 2018 оны багцаа судалгаагаар 100 гаруй тэрбум төгрөгийн нүүрс борлуулж улсын төсөвт 18 тэрбум төгрөгийг төвлөрүүлж компани 25 тэрбум төгрөгийн цэвэр ашигтай ажиллах боломжийг алдагдуулсан.

Ингэснээр жирийн уурхайчдын цалин хөлс, урамшуулалд шууд нөлөөлж, ажилчид цалингийн нэмэгдэл, урамшууллаа авч чадахгүй болоод байгаа. Энэ онд ч мөн энэ байдал давтагдвал буруу ташаа мэдээлэл тараасан тухайн этгээдээс нэхэмжилж, хууль шүүхийн байгууллагад албан ёсоор хандах болно" хэмээн хэллээ.

Олон удаагийн давтамжтай шалгалт хийгдэж, уурхайн үйл ажиллагааг богино хугацаагаар зогсоодог зэргээс үүдэн төлөвлөгөө биелэхгүй болохоор нэмэгдэл, урамшуулал авах нөхцөл хязгаарлагдаж байгаа. Мөн тэтгэвэрт гарахдаа урамшуулал авдгийг олгох боломжгүй байгаа учир ажилчид тэтгэвэртээ гарч чадахгүй хүлээгээд байж байгааг ҮЭ-ийн холбооны гишүүд хэлж байв.