Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/06-НД НИЙТЛЭГДСЭН

Дональд Трампыг шүүх ажиллагааг эхлүүлэхийг АНУ-ын конгрессын төлөөлөгчдийн танхимын спикер даалгалаа

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 12 сарын 6
iKon.MN
Зураг зураг
АНУ-ын төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси

АНУ-ын конгрессын доод танхим болох төлөөлөгчдийн танхимын спикер Нэнси Пелоси өчигдөр орой тус улсын ерөнхийлөгч Дональд Трампыг шүүх ажиллагаа (импичмэнт) эхэлж байгааг зарлажээ.

Тэрээр өчигдөр хууль зүйн байнгын хорооныхоо даргад хандаж Трампыг буруутгах үндэслэлүүдийг гаргаж танилцуулахыг даалгасан байна.

Ингэснээр АНУ-ын 45 дахь ерөнхийлөгч Дональд Трамп түүхэнд конгрессын өмнө шүүлгэсэн гурав дахь ерөнхийлөгч болох нь тодорхой боллоо.

Өмнө нь 19 дүгээр зуунд ерөнхийлөгч Эндрью Жэксон, сүүлд Билл Клинтон нар шүүгдэж байсан юм. 1974 онд ерөнхийлөгч Ричард Никсоныг шүүх шийдвэр гаргаж байсан ч тэрээр үйл ажиллагааг эхлэхийн өмнө өөрөө огцрох болсноо зарлаж байв.

Дарааллын дагуу төлөөлөгчдийн танхимын энгийн олонх Дональд Трампыг ерөнхийлөгч байх эрхгүй хүн гэж дүгнэвэл сенатын танхим түүнийг огцруулах эсэх асуудлаар санал хураах ёстой. Хэрвээ сенатын гишүүдийн гуравны хоёр нь буруутай гэж үзвэл Трамп ерөнхийлөгчийн суудлаас огцрох болно. Энэ хооронд маш олон процесс явагдана.

Өмнөх хоёр ерөнхийлөгч болох Жэксон, Клинтон нар импичмэнтийн дараа албан тушаалдаа үлдэж байжээ.

Пелоси өчигдөр хэлэхдээ Трампыг албан тушаалаа буруугаар ашигласан, үндэсний аюулгүй байдалд хортой үйлдэл гаргасан, сонгуулийн шударга байдлыг алдагдуулсан гэж буруутгаад “ерөнхийлөгч бидэнд өөр сонголт үлдээсэнгүй” гэж хэлсэн юм.

Трампыг шүүх шийдвэрийг Ардчилсан Намынхан олонх болдог төлөөлөгчдийн танхим дэмжих нь бараг тодорхой байгаа. Харин Бүгд Найрамдахчууд олонх болдог сенатад дэмжигдэхгүй байх магадлалтай.

Трамп ч үүнийг твиттер хуудсандаа илэрхийлжээ. Тэрээр Ардчилсан Намынхан өөрийг нь ямар ч үндэслэлгүйгээр шүүх гэж байгааг мэдэгдээд “Бүгд Найдамдахчууд урьд урьдынхаас илүү нэгдмэл байгаа нь сайн хэрэг. Бид ялах болно!” гэж бичсэн байна.

“Хэрвээ та нар намайг шүүх гэж байгаа бол үүнийгээ даруй эхлэх хэрэгтэй. Сенат дээр шударга ёс ялах болно. Ингэснээр улс орон маань буцаад хэвийн байдалд шилжинэ” гэж Трамп бичжээ.

Америкчуудын дунд хийсэн судалгаанаас үзвэл Трампыг шүүж, албан тушаалаас нь огцруулах болон үүний эсрэг санал бараг тэнцүү хувьтай байгаа юм.

 

Эх сурвалж: AFP