Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/05-НД НИЙТЛЭГДСЭН

"Энэ сарын 8-нд Гандантэгчэнлин хийдэд ялгуусан Богд Зонховын нандин өв соёлын зүйлүүдийг сүсэгтэн олонд дэлгэн үзүүлнэ"

Г.Өлзийхутаг, iKon.mn
2019 оны 12 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Mpa.mn

Язгуурын гурван бурхдын хувилгаан, хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх талаар Гандантэгчэнлин хийдээс өнөөдөр мэдээлэл хийлээ. 

 Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн нээлтийн ёслол Батцагаан дуганд эхэлнэ

 
Гэрэл зургийг Mpa.mn

Гандантэгчэнлин хийдийн Олон нийттэй харилцах албаны дарга Ж.Одгарьд “Хоёрдугаар Ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойг энэ жил дэлхий нийтээр тэмдэглэн өнгөрүүлж байна.

Монголчууд бид Богд ламын шашин ёсыг дэлгэрүүлсэн ард түмэн. Иймд Гандантэгчэнлин хийдээс гадна хүрээ хийдүүд, Гандантэгчэнлин хийдийн дэргэдэх Эрдэм соёлын хүрээлэн, Тэргүүн лам нарын зөвлөл хамтран Богд Зонховын 600 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх ёслолын ажиллагааг энэ сарын 7,8-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байна.

Тус арга хэмжээнд ОХУ-ын Буриад, Тува, Халимаг болон Алтай хязгаарын монголчууд, Хөх нуурын монголчууд, Шинжаан гээд нийт Монгол туургатнуут оролцох юм.

Арванхоёрдугаар сарын 7-ны өдөр Тэргүүн их Хамба ламтан нийт монголчуудад Аврал од болохын хөтөлбөр, Бурхны шашинтай хүн байх болон Богд ламын намтарыг бүтэн өдрийн турш тайлбарлан таниулнж, Мэгзэмийн лүн хүртээх юм.

Тус өдрийн 17:00 цагаас эхлэн Гандантэгчэнлин хийдэд цугласан лам, хуврагууд нийт монголчуудын сайн сайхны төлөө болон даян дэлхийн энх амгалангийн төлөө бүхэл шөнөжин хурж, хононо" гэлээ.

Мөн энэ сарын 8-ны өдрийн 09:00 цагт Ганданэгчэнлин хийдийн хоёрдугаар ялгуусан Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн нээлтийн ёслол Батцагаан дуганд эхэлнэ.

Энэ үеэр оюутан залуусын дунд зарласан "Бурханы шашин ба монголчууд" сэдэвт эссэ бичлэгийн уралдааны шагналыг гардуулахаас гадна Богд Зонховын нандин өв соёлын зүйлүүдийг үзэсгэлэн байдлаар сүсэгтэн олонд дэлгэхийг Ж.Одгарьд онцлов.

"Хоёр өдрийн бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, нээлттэй болох учир сүсэгтэн олныг оролцохыг уриалж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Гандантэгчэнлин хийдийн эрдэм соёлын хүрээлэнгийн эрдэмтэн, Нарийн бичгийн дарга Н.Амгалан “2019 он бол Монголын бурхан шашны хувьд түүхэн он жил болж байгаа бөгөөд наймдугаар богд Жавзандамба хутагтын Түмэн өлзий гийсний 150 жилийн ой ч тохиож байна.

Бурхны шашинтны тэргүүлэх чиглэл болсон Гэлэгвагийн номын ёсыг монголчууд 16 дугаар зуунаас хойш дэлгэрүүлж явсан онцлогтой. Богд Зонхов лам нь 1357 онд одоогийн Хөх нуур мужийн Сонгины ам хэмээх газар мэндэлж, улмаар Юань улсын үед Төрийн багшаар залагдаж байсан хүн юм.

Түүний нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойн хүрээнд Гандантэгчэнлин хийд, Тува, Халимаг, Буриад, Өвөрмонголын эрдэмтэдтэй хамтран Богд Зонховын номын ёс хаана, хэрхэн дэлгэрч байсан талаар эрдэм шинжилгээний хурал хийж, хэлэлцэнэ.

Энэ хоёр өдрийн бүх арга хэмжээ үнэ төлбөргүй, нээлттэй болох учир сүсэгтэн олон ирж оролцохыг уриалж байна" гэв.

"Арга хэмжээнд оролцохоор ирсэн бүх сүсэгтэн өөрсдийн үндэсний хувцастайгаа ирэхийг хүсэж байна"

 
Гэрэл зургийг Mpa.mn

Тэргүүн лам нарын зөвлөлийн Сонгинохайрхан дүүрэг хариуцсан ловон Д.Мөнхсайхан “Тэргүүн лам нарын зөвлөл нь 21 аймаг 9 дүүргийн  тэргүүн хамба ловонгууд оролцсон байгууллага юм.

Манай байгууллага Богд Зонховын нирваан дүр үзүүлсний 600 жилийн ойд Монголын бурхан шашны төв тэргүүн хамба ламын номын айлдварыг дэмжиж оролцож байна.

Арга хэмжээнд оролцохоор ирсэн бүх үндэстэн, ястнууд өөрсдийн үндэсний хувцастайгаа ирэхийг хүсэж байна" гэлээ.