Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/04-НД НИЙТЛЭГДСЭН

NATO-гийн гишүүн орнуудын тэргүүнүүд Трампыг шоолон ярьж байгаа нь камерт бичигджээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 12 сарын 4
iKon.MN
Зураг зураг

NATO буюу Умард Атлантын гэрээний байгууллагын 70 жилийн ойд зориулсан дээд хэмжээний чуулган Британийн нийслэл Лондонд үргэлжилж байгаа билээ.

Өчигдөр орой Букингэмийн ордонд болсон хүлээн авалтын үеэр тус байгууллагын гишүүн орнуудын төрийн тэргүүнүүд АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг элэглэн ярилцаж байгаа нь хэвлэлийн дуранд бичигдэж үлджээ.

Канадын телевизийн бичиж авсан уг дүрс дээр Британийн ерөнхий сайд Борис Жонсон, Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, Францын ерөнхийлөгч Эммануэл Макрон нар ярилцаж байгаа нь гарсан байна.

Энэ ярианд Трампын нэрийг дурдаагүй ч түүний тухай ярилцаж байгаа нь тодорхой байв.

Өглөөний хуралд Трамп яагаад хоцорч ирснийг Борис Жонсон асуухад Жастин Трюдо “Түүний хэвлэлийн хурал 40 минут сунжирсан болохоор хоцорсон” гэж хариулжээ.

Дараа нь Трюдо “Түүний багийнхан ямар их гайхаж цочирдсон (эрүү нь шалан дээр унасан) байхыг та нар харсан биз дээ” гэж хэлэхэд бусад нь инээлдэж байв. Макрон, Жонсон нарын хариу хэлсэн үг тод бичигдээгүй байна.

Өчигдөр өглөө Трамп Францын ерөнхийлөгч Эммануэл Макронтой хамтарсан хэвлэлийн хурал хийх үеэрээ сэтгүүлчдийн өмнө маргалдаж мэтгэлцсэн нь хэвлэлүүдийн анхаарлыг татаж байв.

Тэрээр өөрийнх нь бодлогоос болж NATO-гийн “тархи үхжсэн” гэж хэлсэн Макроныг хатуу шүүмжилж байсан юм.

“Та NATO-гийн талаар ийм мэдэгдэл хийх ёсгүй байсан юм. Энэ бол хэтэрхий үл хүндэтгэсэн хэрэг” гэж Трамп Макроныг зэмлэж байжээ.

NATO-гийн хамтын батлан хамгаалах зардалд Европын холбоотнууд нь бага хувь нэмэр оруулж байгааг Трамп ерөнхийлөгчөөр сонгогдсон цагаасаа эхлэн шүүмжилж байгаа.

Тэрээр Лондонд ирэхээсээ өмнө Францын бараа бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноохоор төлөвлөж байгаагаа зарласан юм. АНУ-ын технологийн компаниудын Францын зах зээлээс олдог орлогод “дижитал татвар” оноох болсон Макроны шийдвэрт тэр ийм хариу арга хэмжээ авах гэж байна.

 

Эх сурвалж: Business Insider