Дэрэвгэр жиргэрүүг түүн бэлтгэж, гадаад улсад экспортлохыг 2018 оны нэгдүгээр сарын 1-нээс 2022 оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл хориглосон байдаг. Дэрэвгэр жиргэрүү нь Монгол Улсын ховор ургамлын жагсаалтад багтсан бөгөөд устах аюулд орохоос урьдчилан сэргийлэх, биологийн нөөцийг хамгаалах, экологийн шаардлагыг харгалзан хилээр гаргахыг хоригложээ. Уг ургамлыг эмийн түүхий эдэд ашигладаг байна.
Гэтэл энэ ургамлыг хилээр нуун гаргах гэж байсан зөрчил гарчээ.
Хил хамгаалах ерөнхий газрын Олон Нийттэй Харилцах Албаны мэдээлснээр: Өмнөговь аймаг дахь Гашуунсухайт боомтоор өчигдөр /2019.12.03/ нүүрс тээврийн хэрэгслийн чиргүүлийн доод хэсэгт 11 шуудай нийт 182 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг нууж, хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан байна.
Уг үйлдлийг хилийн 0131 дүгээр ангийн хилчин шалгагч, ахлах ахлагч Д.Ариунболд илрүүлж, холбогдох хууль хяналтын байгууллагад шилжүүлэн өгчээ.
Энэ онд 117 килограмм дэрэвгэр жиргэрүү ургамлыг хадгалсан, хилээр нуун гаргах гэж байсан иргэдэд 2 жилийн хорих ял оноож байсан юм.