Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/12/03-НД НИЙТЛЭГДСЭН

Манай улсын 95,000 иргэн ипотекийн зээлтэй ба үлдэгдэл нь 4.5 их наяд төгрөг

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 12 сарын 3
iKon.MN
 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ оны есдүгээр сарын байдлаар нийт 95,000 иргэн ипотекийн зээлтэй байна.

Эдгээр зээлдэгчдийн ипотекийн зээлийн өрийн үлдэгдэл өнөөдрийн байдлаар 4.5 их наяд төгрөг байгаа аж.

Үүний 26 хувийг (1,163.0 тэрбум төгрөг ) банк өөрийн эх үүсвэрээр олгосон буюу зах зээлийн хүүтэй зээл байгаа бол 74 хувь (3,369.1 тэрбум төгрөг) нь Засгийн газар Монголбанкнаас хэрэгжүүлж буй хөтөлбөрийн хүрээнд 45 хувийг нь олгосон болохыг Азийн хөгжлийн банк, эдийн засгийн сэтгүүлчдийн "Өөрчлөгч" клубээс өнөөдөр хамтран зохион байгуулсан “Агаарын бохирдол-Орон сууцжуулалт” уулзалтын үеэр МИК-ийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил онцоллоо.

Дахин сануулахад Орон сууцны санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бий болгох хөтөлбөр хэрэгжээд зургаан жил өнгөрч байна. 2013 онд уг хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр ипотекийн зээл олголт нь өмнөх онтой харьцуулахад 2.7 дахин нэмэгдэж байжээ.  

Гэтэл 2019 оны зээл олголтын түвшин 2012 он буюу хөтөлбөр хэрэгжихээс өмнөх үеийн зээл олголтын түвшинтэй ижил болсон байгаа юм.  

График 1. Ипотекийн зээл олголтын тоо

Дээрх графикаас жилд олгогдож буй санхүүжилтээс нь шалтгаалан ипотекийн хөтөлбөрийн зээл буурсныг харж болно.

Монголын Ипотекийн Корпорацын зүгээс хүлээсэн үүргийнхээ дагуу нийт 3.9 их наяд төгрөгийн зээлийг банкуудаас багцлан худалдан авч, ипотекийн зээлээр баталгаажсан бонд (ИЗББ) гаргасан байна.

Өөрөөр хэлбэл, МИК ОССК-ийн худалдан авсан зээл нь нийт ипотекийн зээлийн үлдэгдлийн 67 хувийг эзэлж байгаа аж. /худалдан авсан арилжааны зориулалттай зээл ороогүй/

Зээлдэгчдийн 76.7 хувь нь Улаанбаатарт, 23.3 хувь нь орон нутагт орон сууц худалдан авжээ
 
Гэрэл зургийг MPA.mn

“Хөтөлбөр хэрэгжихээс өмнө буюу 2013 оноос өмнө иргэдийн авдаг ипотекийн зээлийн дундаж хэмжээ 39.1 сая төгрөг байсан бол 2019 онд 72.8 сая төгрөг болж өссөн, орон сууцны борлуулалт нэмэгдсэн, дундаж орлоготой иргэд амьдрал ахуйгаа дээшлүүлсэн, амар тайван амьдрах нөхцөлөөр хангагдсан, иргэдийн хөдөлмөрийн бүтээмж нэмэгдсэн зэрэг эерэг үр дүнгүүд гарсан.  

2009 онд нийт борлогдсон орон сууцны 22 хувийг орон сууцны зээлээр худалдаж авдаг байсан. Тэгвэл ипотекийн зээлийн хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн 2013 онд хамгийн их буюу 38,273 орон сууц борлогдсоноос 63 хувийг нь ипотекийн зээлээр борлуулсан.

Гэхдээ нөгөө талд хуучин орон сууцны үнэ буурч, шинэ орон сууцны үнэ өссөн ба орон сууцны үнэ хөөрөгдсөн зэрэг сөрөг үр дүнгүүд ч гарсан болохыг МИК-ийн Тэргүүн дэд захирал З.Мөнх-Оргил хэлсэн юм.

Түүнчлэн зээлдэгчдийн 76.7 хувь нь Улаанбаатарт, 23.3 хувь нь орон нутагт орон сууц худалдан авчээ.

Диаграм 1. Зээлдэгчдийн ажил эрхлэлтийн байдал, байгууллагаар /2019 оны байдлаар зээл авсан 75,000 байгаагаас тооцов/

Цалинтай зээлдэгчид 87.10 хувийг эзэлж байгаагаас 54.01 хувь нь ААН, 33 хувь нь төсөвт байгууллагаас цалинждаг байна.  

Өрхийн амьдарч буй орон сууцны өртөг нь тухайн өрхийн орлогын 30 хувиас илүүгүй байх нөхцлийг орлогод нийцсэн орон сууц болдог
 
Гэрэл зургийг MPA.mn

Нийслэлийн Орон сууцны корпорацын гүйцэтгэх захирал Б. Сүхбаатар "Улаанбаатар хотын орлогод нийцсэн ногоон орон сууц ба дасан зохицох чадвар бүхий хотын шинэчлэл салбарын төсөл 2019-2026 оны хооронд хэрэгжих гэж байгаа" гэв. 

Орлогод нийцсэн орон сууц гэдэг нь хүн амын зорилтот бүлгийн урт хугацааны орлогод нийцэх орон сууц юм.

Харин өрхийн амьдарч буй орон сууцны өртөг нь тухайн өрхийн орлогын 30 хувиас илүүгүй байх нөхцлийг орлогод нийцсэн гэж тодорхойлдог.

Тодруулбал, Баянхошуу, Сэлбэ, Дэнжийн 1000, Дамбадаржаа, Шар хад, Толгойт “дэд төв”-үүдийн талбарт нийт 100 га талбай хэмжээг хамарсан 10,000 өрхийн орон сууцны төсөл хэрэгжинэ. 

Төслийн төлөвлөлтийн тухайд:  

  • 15 хувь нь халамжийн орон сууц
  • 55 хувь нь орлогод нийцсэн орон сууц
  • 30 хувь нь зах зээлийн орон сууц байхаар тооцоод байгаа юм байна. Мөн төслийн санхүүжилт болох 570.1 сая ам.доллар бүрджээ. 

АХБ-наас бэлтгэн гаргадаг “Ажиглалт ба санал” цувралын анхны дугаарт Улаанбаатар хотын агаарын бохирдлыг бууруулахад авч хэрэгжүүлэх боломжтой зөвлөмжүүдийг санал болгосон байна.

Эдгээр зөвлөмжүүдийг судлан үзэж, богино болон урт хугацааны бодлогын арга хэмжээнүүдийг тууштай хэрэгжүүлэхийг УИХ-ын дарга Г.Занданшатар энэ оны аравдугаар сарын 15-нд Агаарын бохирдлыг бууруулах асуудлын дэд хороо, Агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр УИХ-аас байгуулагдсан Ажлын хэсэг, Засгийн газарт үүрэг болгожээ.

"Улаанбаатар хотын бохирдлын хэмжээг бууруулах нь богино болон урт хугацааны зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаг хугацаа шаардсан үйл явц"
 
Гэрэл зургийг MPA.mn

Энэ талаар АХБ-ны Монгол дахь Дэд суурин төлөөлөгч Деклан Магий “Хэрэгжиж буй орон сууцны төслүүдийн гол зорилго нь хотын төвлөрлийг бууруулах болон, агаарын бохирдлыг арилгахад чиглэсэн тул тодорхой үе шаттайгаар ажлууд нь тасралтгүй хийгдэх ёстой.

Одоогийн байдлаар Улаанбаатар хотын агаарын бохирдол мэдэгдэхүйц хэмжээгээр буурсан нь үнэхээр сайшаалтай. Гэхдээ Улаанбаатар хотын бохирдлын хэмжээг бууруулах нь богино болон урт хугацааны зорилтот арга хэмжээг авч хэрэгжүүлэх, цаг хугацаа шаардсан үйл явц юм.

Бодлогын богино хугацааны тэргүүлэх чиглэлд:

  • Институцийн засаглалыг чиглүүлэх
  • Мэдээллийн урсгалыг эрчимжүүлэх
  • Дүн шинжилгээ хийх аргачлалыг сайжруулах
  • Эрүүл мэндийг хамгаалахад чиглэсэн үйл ажиллагаанд стандарт тогтоож гэрчилгээжүүлэх
  • Түүхий нүүрс болон хатуу хог хаягдал шатаах үйл ажиллагааг хязгаарлах
  • Хорт бодис ялгаруулах хэмжээгээр нь бохирдуулагч бараа бүтээгдэхүүнийг ангилах
  • Шинэ технологийг нэвтрүүлэх

Урт хугацааны бодлогын арга хэмжээнүүд:

  • Хот суурин газрыг дахин төлөвлөж, хот байгуулалтыг байгаль орчны зорилтуудтай уялдуулан хэрэгжүүлэх
  • Хөдөө орон нутагт амьдрах боломжийг дээшлүүлж, хүн амын шилжилт хөдөлгөөнийг буруулах
  • Институцийн чадавхийг бэхжүүлэх
  • Тогтвортой тээврийн салбарын төлөвлөлтийг хийх
  • Хот суурин газрын эрчим хүчний хангамжийн урт хугацааны шийдлүүдийг хөгжүүлэх хэрэгтэй” хэмээв.