Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/30-НД НИЙТЛЭГДСЭН

Британийн сонгуульд хошуу дүрэхгүй байхыг Борис Жонсон АНУ-ын ерөнхийлөгчид анхаарууллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Ирэх долоо хоногт Лондон хотод NATO-гийн гишүүн орнуудын дээд хэмжээний чуулган болох гэж байгаа юм. Уг арга хэмжээнд АНУ-ын ерөнхийлөгч оролцоно,

Үүнээс хэдхэн хоногийн дараа буюу арванхоёрдугаар сарын 12-нд Британийн парламентын ээлжит бус сонгуулийн санал хураалт болно. Өчигдөр Британийн ерөнхий сайд Борис Жонсон хэвлэлд ярилцлага өгөхдөө айлчлалынхаа үеэр сонгуулийн үйл явцад “хошуу дүрэхгүй” байхыг АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампад хандан анхааруулжээ.

Аравдугаар сард Трамп үг хэлэхдээ тус улсын улс төрийн амьдралд оролцож, сөрөг хүчний Лэйбор намын дарга Жереми Корбиныг Британид муу зүйл хийх хүн гэж тодорхойлоод Борис Жонсоныг Брэкзит намын лидер Найжел Фаражтай эвсэхийг зөвлөж байв. Трампын энэ мэдэгдэл тухайн үед Британийн сөрөг хүчнийхэнд ашигтай нөхцөл байдал үүсгэж байжээ.

Өчигдөр Цагаан ордны дээд албан тушаалтан сэтгүүлчидтэй уулзахдаа Трампыг “бусад улсын сонгуулийн үйл ажиллагаанд оролцох хэрэггүй гэдгийг сайн ойлгож байгаа” гэж ярьжээ.

Урьдчилсан санал асуулгын дүнгээр ерөнхий сайд Борис Жонсоны нам арванхоёрдугаар сарын 12-нд болох сонгуульд ялах төлөвтэй байгаа.

Гэхдээ энэ чухал цаг үед Дональд Трамп олон нийтийн санаа бодлыг эргүүлэх зүйл ярих вий хэмээн Британийн эрх баригч консерватив намынхан болгоомжилж байгаа юм.

“Бид хэдийгээр сайн найз нөхөд, холбоотнууд боловч харилцан нэгнийхээ сонгуулийн үйл ажиллагаанд оролцдоггүй уламжлалтай. АНУ, Их Британи хоёр нэг нэгнийхээ сонгуульд нөлөөлөхгүй байх нь холбоотнуудын хувьд хамгийн сайн харилцаа юм” гэж Борис Жонсон LBC радиод ярихдаа хэлжээ.

Энэ үеэр Жонсон хэрвээ сонгуульд ялбал Brexit-ийг ирэх оны нэгдүгээр сарын 31-нд хэрэгжүүлж дуусгахаа амласан байна. Их Британи улс Европын Холбооноос гарах шийдвэрийг 2016 онд бүх нийтийн санал хураалтаар гаргасан ч одоог хүртэл хэрэгжүүлж чадалгүй, улс төрийн гүн хямралд ороод байгаа юм. Уг хямралаас гарахын тулд Жонсон парламентын сонгуулийг хугацаанаас нь өмнө явуулах санаачилга гаргасан нь өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлэхэд хангалттай хүчтэй болох зорилго агуулж байна.

 

Эх сурвалж: Reuters