Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Банкуудын зээлийн үлдэгдэл 18 их наяд төгрөгт хүрчээ

Б.Даваабазар, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Монголбанкнаас ил тод байдлын хүрээнд зохион байгуулдаг сар тутмын хэвлэлийн хурлыг өнөөдөр хийлээ. 

Нийт мөнгөний нийлүүлэлт аравдугаар сарын байдлаар 20.5 их наяд төгрөгт хүрч, өмнөх оны мөн үеэс 11.7 хувиар өссөн үзүүлэлттэй гарсныг Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа мэдээллийн эхэнд онцоллоо. 

Тэгвэл мөнгөний нийлүүлэлтийн жилийн өсөлтийн 

  • 6.4 нэгж хувийг төгрөгийн хадгаламж,
  • 4.1 нэгж хувийг төгрөгийн харилцах,
  • 2.4 нэгж хувийг гадаад валютын хадгаламж,
  • -1.2 нэгж хувийг гадаад валютын харилцах бүрдүүлсэн байна. 

Мөнгөний нийлүүлэлтийг байршил талаас нь авч үзвэл төв банк болон хадгаламжийн байгууллагуудын

  • Дотоод цэвэр актив 17.7 их наяд төгрөг  
  • Гадаад цэвэр актив 2.7 их наяд төгрөгтэй тус тус тэнцэж байгаа аж.

Статистик мэдээллүүдээс харвал: 

  • Банкуудын зээлийн үлдэгдэл аравдугаар сард өмнөх оны мөн үеэс 10.6 хувиар өсөж, 18 их наяд төгрөгт хүрсэн. Үүнд хугацаа хэтэрсэн зээлийн нийт зээлд эзлэх хувь өмнөх сараас 0.22 хувиар, чанаргүй зээлийн эзлэх хувь өмнөх өмнөх сараас 0.27 хувиар буурсан нь голчлон нөлөөлсөн байна.
  • Энэ оны эхний есөн сарын байдлаар төлбөрийн тэнцэл 264.3 сая долларын ашигтай гарсан. Төлбөрийн тэнцлийн алдагдал өмнөх оны мөн үеэс 33 хувиар буурав. Алдагдал буурахад манай улсын экспортын голлох бүтээгдэхүүнүүдийн дүн нэмэгдсэн бөгөөд бараа худалдааны тэнцэл сайжирсан нь гол нөлөө үзүүллээ.
  • Энэ оны дөрөвдүгээр улиралд явуулсан инфляцын хүлээлтийн түүвэр судалгаагаар инфляцыг 2020 оны дөрөвдүгээр улиралд иргэд 10.2 хувь, ААН-үүд 7.5 хувь, шинжээчид 8.7 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.
  • Зээлийн хүү өсөх хүлээлттэй гарсан болохыг мөн Монголбанкны Судалгаа, статистикийн газрын захирал Б.Батдаваа хэлсэн юм.