Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хиймэл оюуныг ялж чадахгүй болсон тул Го даамны мастер зодог тайлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Хятадаас гаралтай стратегийн хөлөгт тоглоом болох Го даамны хамгийн том мастер хиймэл оюун ухаант машиныг ялж чадахгүй болсон тул зодог тайлж байгаагаа зарлажээ.

Өмнөд Солонгосын иргэн Ли Сэ Дол нь Google-ийн харьяа Deepmind компанийн хөгжүүлсэн AlphaGo программыг хожсон цорын ганц хүн юм.

2016 онд тэрээр машинтай нийт таван удаа тоглохдоо дөрөв хожигдож, нэг удаа хожиж байжээ.

“Би нэг номерийн тоглогч мөн боловч миний ялж чадахгүй нэг тоглогч байгаа тул зодог тайлахаар шийдлээ” гэж Ли Сэ Дол мэдэгдсэн байна.

Тэрээр Го даамны 18 удаагийн дэлхийн аварга бөгөөд өнөө цаг үеийн хамгийн агуу тоглогч гэгддэг.

Одоо 36 настай Ли таван настайгаасаа эхлэн Го даам тоглосон бөгөөд ердөө долоон жилийн дараа мэргэжлийн түвшинд хүрч байв.

Deepmind компанийн гүйцэтгэх захирал Дэмис Хассабис олон жил аваргын титмийг хадгалсан Ли Сэ Долд багийнхныхаа өмнөөс баяр хүргээд цаашдын ажил амьдралд нь амжилт хүссэн байна.

Го даам нь 3,000 орчим жилийн өмнө Хятадад үүссэн тоглоом юм байна. Хэдийгээр зодог тайлсан ч Ли Сэ Дол ирэх сард Өмнөд Солонгосын инженерүүдийн боловсруулсан HanDol программтай тоглохоор болжээ.

Уг программ нь одоогоор Лигээс бусад Өмнөд Солонгосын топ таван тоглогчийг хожоод байгаа гэнэ.

 

 Эх сурвалж: BBC