Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/27-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменистан улс тарган цагдаагүй болох зорилт тавьжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 27
iKon.MN
Зураг зураг

Туркменистан улсын шинээр томилогдоод удаагүй байгаа дотоод хэргийн сайд илүүдэл жинтэй бүх цагдаагийн албан хаагч нарт жингээ хасах даалгавар өгсөн байна.

Арванхоёрдугаар сарын 25-ны дотор бүх цагдаа нарын биеийн жин 100 кг-аас илүүгүй болсон байх ёстой бөгөөд уг шаардлагыг хангаагүй албан хаагч нар ажлаасаа халагдах болоод байгаа гэнэ.

Шаардлага хангаагүй цагдаагийн албан хаагч нарыг зэрэг дэв, ажилласан жил, туршлагаас нь үл хамааран шууд халахаа дотоод хэргийн сайд Маммедхан Чакиев мэдэгджээ. Тэрээр аравдугаар сарын 1-нд Туркменистан улсын дотоод хэргийн сайдаар томилогдсон юм.

Үүнтэй ижил арга хэмжээг тус улсын хөрш Узбекистан, Тажикистан улсуудад хэрэгжүүлж байжээ.

2017 онд Тажикистаны дотоод хэргийн яам зургаан сарын дотор жингээ хасах даалгавар цагдаа нартаа өгч, заасан хугацаанд жингээ хасаж чадаагүй 10 албан хаагчийг ажлаас нь чөлөөлж байв.

Үүнээс гадна илүүдэл жинтэй 100 орчим цагдаад сануулга өгсөн байна. Мөн Тажикистаны эрх баригчид цагдаа нарын ёс суртахуун, гоо зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор сард хамгийн багадаа нэг удаа театрт очиж, үзвэр үзэж байх даалгаврыг өгч байжээ.

 Өнгөрсөн гуравдугаар сард Узбекистаны ерөнхийлөгч Шавкат Мирзёев “Манай улсад жингийн илүүдэлтэй цагдаа нар хэрэггүй. Би тэдэнд гурваас зургаан сарын хугацаа өгч байна. Энэ хугацаанд цагдаа нар илүүдэл жингээсээ салах ёстой” гэж мэдэгдэж байв.

Төв Азийн “стан” улсуудын цагдаа нарын дунд авлига, хээл хахууль авах явдал түгээмэл байдаг, нийгэмдээ нэр хүнд муутай тул дээр дооргүй байнга шүүмжлүүлдэг. Зарим судалгаагаар эдгээр орнуудад цагдаагийн сарын цалин $80-$140 орчим байдаг нь авлига авахад нөлөөлдөг гэж үздэг байна.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty