Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/21-НД НИЙТЛЭГДСЭН

SpaceX-ийн хиймэл дагуулууд астрономичдод саад учруулж эхэлжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 21
iKon.MN
Зураг зураг

Өнгөрсөн тавдугаар сараас хойш АНУ-ын SpaceX компани тойрог замд 120 хиймэл дагуул илгээгээд байгаа нь дэлхийг бүрхсэн өндөр хурдны интернэт үйлчилгээ бий болгох зорилготой.

Цаашлаад Starlink төслийн хүрээнд олон мянган хиймэл дагуулыг тойрог замд тараан байрлуулахаар төлөвлөжээ.

Гэвч олон хиймэл дагуулын сүлжээ одон орон судлаачдын ажилд саад болох вий гэсэн айдас бий болоод байгаа.

Саяхан Чили дэх Cerro Tololo одон орон судлалын төвийн астрономич Клара Мартинез Васкуэз од гарагийг дурандах ажилд нь SpaceX-ийн хиймэл дагуулууд саад болсон тухай твиттер хуудсандаа мэдээлжээ.

Тэрээр SpaceX-ийн хиймэл дагуулуудын цуваа дээгүүр нь дайрах үед телескопын үйл ажиллагаанд саад учирсан тул өнгөртөл нь 5 минут хүлээх хэрэгтэй болсон тухай бичсэн байна.

Хиймэл дагуулуудыг дэлхийгээс ажиглах боломжтой байдаг. Тухайлбал тэдний эх бие дээр нарны гэрэл тусах үед гэрлийг дэлхий рүү ойлгож, богино хугацаанд гэрэлтэж харагддаг байна.

Ингэж ойсон гэрэл од гарагуудыг ажиглах зориулалттай телескопуудын ажиллагааг будилуулдаг гэнэ.

Одоогоор манай дэлхийн тойрог замд SpaceX-ийн хиймэл дагуулуудыг тооцолгүйгээр 2,000 гаруй хиймэл дагуул байгаа гэсэн тоо бий. Тэдгээрээс нам өндрийн тойрог замд аялж буй Олон Улсын Сансрын Станц зун цагт буюу нарны тусгал уртасдаг үед тод харагддаг байна.

Хэрвээ SpaceX-ийн 10,000 гаруй хиймэл дагуул бүгд тойрог замд байрлавал астрономичдод улам хэцүү болох төлөвтэй байгаа ажээ. Тавдугаар сард тус компани анхны 60 багц хиймэл дагуулыг хөөргөх үед уг асуудал сөхөгдөж байв. Тухайн үед SpaceX-ийн гүйцэтгэх захирал Илон Маск хиймэл дагуулууд нь одон орон судлаачдад саад болохгүй гэж тайлбарлаж байжээ.

“Тойрог замд өнөөдөр хэдэн мянган хиймэл дагуул байгааг хүмүүс цаг хугацааны 0 орчим хувьд нь анзаардаггүй. Starlink төслийн хиймэл дагуулууд ч бас энгийн хүмүүсийн ихэнхэд мэдрэгдэхгүй, астрономичдод саад болох магадлал бараг 0 хувь” гэж тэр твиттер хуудсандаа бичиж байв.

CNN агентлаг өчигдөр уг асуудлаар тайлбар хүсэхэд тус компанийн төлөөлөгч “бид одон орон судлалын тэргүүлэх байгууллагуудтай энэ талаар ярилцаж байгаа. Судалгаанд саад учруулахгүйн тулд хиймэл дагуулуудыг хар өнгөтэй болгох, шаардлагатай бол өндрийг нь өөрчлөх шийдлүүд яригдаж байна” гэж мэдэгджээ.

 

Эх сурвалж: CNN