Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/20-НД НИЙТЛЭГДСЭН

П.Эрдэнэбат: Галт зэвсгийн тооллого өнөөдөр 00:00 цагт дуусна

Х.Алтанзагас, iKon.mn
2019 оны 11 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн ерөнхий газрын даргын тушаалаар 2019 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс “Зэвсэг-2019” нэгдсэн арга хэмжээг улсын хэмжээнд эхлүүлсэн. Энэ хүрээнд галт зэвсгийн тооллого явагдаж байгаа юм.

Өнөөдрийн 09:00 цагийн байдлаар цагдаагийн байгууллагын галт зэвсгийн бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд 47,000 гаруй галт зэвсэг бүртгэгдэж, тооллогын явц 93.3 хувьтай байгаа тухай мэдээллийг Цагдаагийн ерөнхий газрын Нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн дэд хурандаа П.Эрдэнэбат өглөө.

Тэрбээр "Галт зэвсгийн тооллого улсын хэмжээнд өнөөдөр буюу 2019 оны 11 дүгээр сарын 20-ны 00:00 цагаар дуусгавар болно. Иймд бүртгүүлж амжаагүй байгаа иргэд яаралтай харъяа дүүргийнхээ цагдаагийн хэлтэст очин галт зэвсгээ бүртгүүлэх нь зүйтэй. Бүртгэл дуусах хугацаа нь орон нутагт ч мөн адил.

Галт зэвсгийн тухай хуулийн дагуу галт зэвсэг эзэмшдэг иргэн, ААН жилд нэг удаа цагдаагийн байгууллагад заавал бүртгүүлж, татвараа төлөх үүрэгтэй байдаг.

Харин бүртгүүлээгүй бол хүлээх хариуцлагын хувьд Зөрчлийн тухай хуулийн 5.6.5-д заасны дагуу галт зэвсэг бүртгүүлэх, хадгалах, ашиглах, эзэмших, худалдан авах журам зөрчсөн бол хүнийг дөчин нэгжтэй/40,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг дөрвөн зуун нэгжтэй/400,000/ тэнцэх хэмжээний төгрөгөөр торгодог" гэв.

Мөн галт зэвсэг эзэмшдэг иргэд, ААН-үүд хуулиар хүлээсэн үүргийнхээ хүрээнд галт зэвсгийн бүртгэлд хамрагдаж байх ёстойг анхааруулав.