Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Туркменчууд ATM-ээс бэлэн мөнгө авахаар Узбекистаны хилийг давдаг болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн үед Туркмений нийслэл Ашгабат хот дахь Узбекистаны элчин сайдын яамны гадна олон зуун хүн виз авахаар дугаарлан зогсдог болжээ.

Сонирхолтой нь тэдний маш бага хэсэг нь аялж жуулчлах, төрөл төрөгсөд, найз нөхдийндөө зочлох зорилготой байдаг гэнэ.

Харин ихэнх хэсэг нь Узбекистаны хилийн хамгийн ойрхон хотод очиж АТМ машинаас бэлэн мөнгө авах зорилготой байдаг ажээ.

Туркменистан улс иргэдийнхээ цалин, тэтгэвийг бүгдийг нь бэлэн бусаар буюу банкны дэбит кардаар төлдөг. Гэхдээ бэлэн мөнгөний гүн хомсолд ороод байгаа. Нийслэл Ашгабатын ATM машинуудын дэргэд урт дараалал үүсдэг ч ихэнхдээ мөнгөний нөөц хүрэлцээгүйгээс авч чаддаггүй байна. 

Тиймээс сүүлийн үед туркменчүүд хойд хөршийнхөө хилийг давж, бэлэн мөнгөтэй залгах болсон гэнэ.

Бүр Узбекистанаас бэлэн мөнгө авчрах бизнес хүртэл бий болжээ. Тухайлбал олон хүнээс банкны кард, пин кодыг нь цуглуулсан Узбекистаны визтэй хүн бэлэн мөнгөнд явдаг байна. Тэрээр ийм үйлчилгээ үзүүлснийхээ төлөө нэг хүнээс 100 манатын (хар захын ханшаар $5 орчим) төлбөр авдаг гэнэ. 

Узбекистаны элчингээс ихэнхдээ 20 өдрийн олон удаа зорчих виз олгодог. Нэг ийм визээр дунджаар таван удаа хил давж хүмүүсийн захиалсан мөнгийг авч ирдэг тухайгаа нэгэн залуу ярьсан байна.

Ажлын байр олддоггүй Туркменистанд олон залуус ийм аргаар мөнгө олж амьдардаг болжээ. Нийслэл Ашгабатад ажил олох маш хэцүү, олдлоо гэхэд сарын 700 манатаас (албан бус ханшаар $35, албан ханшаар $200) хэтрэхгүй цалинтай байдаг гэнэ.

Наймдугаар сарын 19-ний өдөр Туркменистаны ерөнхийлөгч Гурбангулы Бердымухамедов засгийн газрын хуралдаан дээр үг хэлэхдээ ATM-ийн бэлэн мөнгөний хомсдлын талаар ярьж байжээ.

Гэхдээ тэр үүнийг эдийн засгийн хүндрэл биш, харин зохион байгуулалт муу байгаагийн шинж хэмээн дүгнэж, төв банкны захирал Мердан Аннадурдиевыг зэмлэж байв.

Нэгэн үе байгалийн хийн экспортоор их орлого олдог байсан Туркменистан улс сүүлийн 10 орчим жилийн хугацаанд эдийн засгийн гүн хямралтай тулгараад байна. Байгалийн хийн үнэ ханш дэлхийн зах зээлд унаснаас гадна Туркмений эрх баригчид хэд хэдэн улстай хий экспортлох хэлэлцээ хийгээд амжилт олоогүй нь хүндрэлийн гол шалтгаан болжээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty