Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Истанбулд ядуусын өрийг төлдөг “Робин Гүүд” гарч иржээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

2018 онд Турк лирийн ханш огцом унаснаас эдийн засгийн хямрал өнөөдрийг хүртэл үргэлжилж байгаа. Уналтын оргил үед инфляц 25 хувьд хүрч байсан бол өнөөдөр 8.6 хувь болж буурсан байна. Гэхдээ ажилгүйдэл нэмэгдэж, цахилгаан эрчим хүчний үнэ 10 дахин өсөөд байгаа юм.

Хямралаас үүдэлтэй Туркийн иргэд ядуурч, өрөнд баригдсанаас амиа хорлох үзэгдэл гарах болсон байна.

Энэ сарын эхээр Истанбулын ойролцоох хотын нэг гэр бүлийн дөрвөн хүн амиа хорлосон хэрэг гарсан юм. 48-аас 60 насны хоёр эрэгтэй, хоёр эмэгтэй амьдрах аргагүй болсны улмаас цианид ууж амиа хорлосон байжээ.

Энэ хэргийн дараа Анталья хотын нэг гэр бүлийн гишүүд ижил аргаар амиа хорлосны дотор тав болон есөн настай хоёр хүүхэд байсан юм. Гэрийн эзэн удаан хугацаанд ажилгүй байснаас санхүүгийн дарамтыг тэсвэрлэх аргагүй болсноо бичиж үлдээсэн байжээ.

Туркийн засгийн газрын талын хэвлэлүүд дээрх хэргүүдийг ядууралтай холбоогүй хэмээн тайлбарлаж байгаа. Харин саяхан үйлдвэрийн ажилчид голдуу амьдардаг Истанбул хотын Тузла дүүрэгт нэгэн нууцлаг буянтан бий болж, ядуусын өрийг цайруулах болсон талаар орон нутгийн хэвлэлүүд мэдээлжээ.

Нэг эрэгтэй хүн тус дүүрэгт оршдог хүнсний дэлгүүрт ирээд өрийн бүртгэлээ үзүүлэхийг эзнээс нь хүссэн байна. Дэлгүүрт их хэмжээний өртэй дөрвөн айлыг заалгаж аваад явсан тэрээр удалгүй буцаж ирээд бүх өрийг нь төлсөн гэнэ.

Буянтан өрийг нь төлснөөс гадна ядуу өрхүүдэд нэмж мөнгө өгсөн байжээ. Дэлгүүрийн эзэн буянтнаас нэрийг нь асуухад “Намайг зүгээр л Робин Гүүд гэж дуудаж бай” хэмээн хариулсан гэнэ.

Өнгөрсөн гуравдугаар сард, хүнсний үнэ дээд цэгтээ хүрээд байх үед энэ дүүргийн ядуу айл өрхүүдийн хаалганы доогуур 1,000 лиртэй ($174) дугтуй хийсэн тохиолдол гарч байжээ. Энэхүү өглөгийн цаана мөн адил ядуусын өрийг цайруулагч “Робин Гүүд” байсан байх магадлалтай гэж Тузла дүүргийн иргэд ярьж байна.

 

Эх сурвалж: The Guardian