Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Б.Хурцын нэр төрийг гутаасан мэдээндээ Ж.Батзанданг няцаалт хийхийг шүүхээс даалгажээ

А.Намуун, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
www.mpa.mn

Тагнуулын ерөнхий газрын дарга асан Б.Хурцын нэхэмжлэлтэй УИХ-ын гишүүн Ж.Банзанданд холбогдох хэргийн шүүх хурал Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд энэ сарын 8-ны өдөр болсон байна.

Ж.Батзанданд нэхэмжлэгч/Б.Хурц/-ийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг шүүхээс даалгажээ.

Харин Б.Хурцын нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон байна.

Мөн Ж.Батзанданг өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ буюу фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа Б.Хурц татгалзсан тул хэрэгсэхгүй болгожээ.

ШҮҮХИЙН ШИЙДВЭР:

Шүүхээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.2-т заасныг баримтлан, нэхэмжлэгч Б.Хурцын нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг гутаасан мэдээг тараасан хэлбэр, хэрэгсэл буюу мэдэгдэл, хэвлэлийн хурлаар няцаалт хийхийг хариуцагч Ж.Батзанданд даалгаж, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас уучлал гуйхыг хариуцагчид даалгах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгожээ.

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д заасныг баримтлан, нэхэмжлэгч нь хариуцагчийн өөрийн ашигладаг олон нийтийн сүлжээ фэйсбүүк хуудсаар дамжуулан тарааж нэхэмжлэгчийн нэр төр, ажил хэргийн нэр хүндийг сэргээж, нэр төрд халдсан хэлбэр болох мэдэгдэл хийх хэлбэрээр няцаалт хийхийг даалгуулах тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, уг шаардлагад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.