Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

З.Энхболд: Төсөвт тусгасан хөрөнгө оруулалтыг объект объектоор нь нэр зааж хориг тавина

А.Ням-Өлзий, iKon.mn
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч ирэх оны төсөвт тусгасан нийгмийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар нэмэгдүүлэх заалтад хориг тавих гэж байгааг Тамгын газрын дарга З.Энхболд мэдэгдсэн билээ. Энэ талаар Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболдоос тодрууллаа. 

-НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэхэд Ерөнхийлөгч хориг тавих гэж байгааг та хэлсэн. Гэхдээ хууль, эрх зүй талаасаа 2017 онд батлагдсан хуульд одоо хориг тавих боломжгүй юм биш үү. Та энэ талаар тайлбарлахгүй юу? 

-Сангийн сайдын логик эрүүл ухаантай хүний логик биш байгаа юм. Мэдээж тав хоног нь өнгөрсөн хууль дээр хориг тавихгүй нь ойлгомжтой шүү дээ. Надаас төсөв дээр тавих хоригийн тухай асууж байх шиг байна. Ерөнхийлөгч 2020 оны төсөв дээр хориг тавина. Нийгмийн даатгалтын шимтгэлийн тухай хуульд хориг тавьж болохгүй. Тав хоног нь өнгөрчихсөн учраас. 

Валютын сангийн тухай яриад байгаа юм. Ч.Хүрэлбаатар гэдэг сайдыг ОУВС-ийн сонгогчид сонгоод, валютын сандаа тайлан тавьдаг сайд шиг аяглаад байна. Уг нь Увс аймгийн зургаан сумын сонгогчид түүнийг сонгоод, Монголын ард түмнийг төлөөлөөд Сангийн сайдаар ажиллаж байгаа. 

Олон улсын байгууллагын юу гэж үзэх нь Ерөнхийлөгчийн асуудал биш. Тэр ОУ-ын байгууллага бол тусдаа асуудал. Ганцхүү ОУ-ын байгууллагаас сонгогдсон төлөөлөгч шиг ажиллаж байгаа Сангийн сайдыг МАН нэн даруй огцруулахгүй бол 2020 оны сонгуулиар сонгогчдод дүнгээ тавиулах байх шүү. 

Ямар ч байсан "Капитал банк"-нд байсан Нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөг алга болсон. 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх гээд байгаа НДШ-ээр 167.2 тэрбум төгрөг бүрдүүлнэ. Хоёр хувийн шимтгэл нэмэгдүүлснээр ажил олгогчоос 74 тэрбум, даатгуулагчаас 74 тэрбум, сайн дурын даатгуулагчаас 8.8 тэрбум, төсөвт газруудаас 17.6 тэрбум гээд нийтдээ 167.2 тэрбум төгрөгийн нэмэлт орлогыг төвлөрүүлэхээр байгаа. Тэгэхээр Нийгмийн даатгалтын сангийн орлогыг бүрдүүлж байгаа дээр дурдсан дөрвөн төрлийн шимтгэлийг 167.2 тэрбум төгрөгөөр хасах хориг тавих гээд байгаа юм.   

Хоригийг хүлээж авбал Нийгмийн даатгалын сангаас 167.2 тэрбум төгрөгийн орлогыг хассанаар 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд батлагдсан НДШ нэмэх хуулиас 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдэх гэж байгаа хоёр хувиа хасна. Яагаад гэвэл төсвөөр баталгаажаагүй учраас. Төсвөөс мөнгийг нь өгөхгүй бол хууль хэрэгжихгүй шүү дээ. Хуулиа хэрэгжихгүй болгохын тулд энэ хуульд оруулах өөрчлөлтөө УИХ өөрөө санаачилна. Ингэснээр нэмэлт нь 23 хувь дээрээ зогсоно гэсэн үг. 

-Гэхдээ анх НДШ-ийг нэмэгдүүлэх болзолтойгоор ОУВС-ийн хөтөлбөрт хамрагдсан гэдэг. Хэрэв одоо НДШ-ийг нэмэгдүүлэхгүй бол ОУВС-тай дахин ярилцах шаардлага гарна гэдгийг зөвхөн Сангийн сайд ч бус зарим гишүүн ч хэлж байгаа? 

-Тэр хөтөлбөрт хамрагдана уу, хамрагдахгүй байна уу, Монголын ард түмэн, ажил олгогчдын асуудал биш. Үүнийг МАН ойлго. Хэрэв ойлгохгүй бол 2020 онд том дүнгээ тавиулна. Бид ОУВС-тай, сангүй амьдраад байсан. Цаашид ч гэсэн амьдарна. Түүхий эдийн үнэ өссөн байхад ОУВС-г гуйж очдог нь буруу. 

-НДШ-ийг 2017 оноос хойш үе шаттайгаар нэмэгдүүлж байхад яагаад өмнө нь хориг тавьж, энэ асуудлыг хөндөөгүй юм бэ. 

-2017 оны дөрөвдүгээр сард энэ хууль батлагдсан. Тэр үед Ерөнхийлөгч ямар хүн байсан. Харин 2018 оны төсөвт Ерөнхийлөгч Х.Баттулга бүтнээр нь хориг тавьсан ч эд хүлээж аваагүй. Одоо бол хэсэгчилж тавих гэж байна. Хөрөнгө оруулалтад л гэхэд нэг их наяд төгрөгийн худал бичилт байгаа. Тэнд бас хориг тавина. Объект объектоор нь нэр зааж. Гэхдээ бид одоо төсвийн тухай хуулиа хүлээж байна. 

-Хөрөнгө оруулалтын худал бичилт гэдгийг тайлбарлахгүй юу?

-Багийн төв барина, нэг тэрбум гээд л тавьчихсан байна. Багийн төвийг яаж нэг тэрбумаар барих юм. Долоон багийн төвийг гурван тэрбумаар барина гэж байна. Өмнө нь багийн төвийг 50-100 сая төгрөгөөр барьдаг байлаа. Энэ мэт хөөсөрсөн, угаасаа биелэхгүй юм биччихсэн. Эд нар ингэж барилгын үнэ ханшийг баллалаа шүү дээ. 

Хэнтий, Увсын хөрөнгө оруулалт гээд гишүүд нь өөрсдөө барьцаад байгаа асуудлууд байна. Хөшөө дурсгалыг хувийн компани л хийдэг. Чингисийн хөшөөг хувийн компани хийгээд болоод байна. Төсвөөс мөнгө гаргах шаардлагагүй. 

-Үндсэн хуульд хориг тавих асуудал яригдаж байсан, хэвээрээ юу?

-Үндсэн хууль дээр бид гишүүдтэй ярьж байна. Дөрвөн сайд давхар дээлтэй байхыг хоёр нам хоёулаа хамгаалах юм бол хориг тавих утгагүй болчихоод байна. Зөвхөн дөрвөн сайдын давхар дээлийн асуудал дээр хориг тавина гэж байсан юм.