Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/19-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Мөнх-Эрдэнэ: Монголын бодит нөхцөлд татвараа бууруулаад алтаа ахиухан авсан нь эдийн засгийн хувьд үр ашигтай байна

Р.Оюунцэцэг, IKON.MN
2019 оны 11 сарын 19
iKon.MN
Зураг зураг

Монгол Улс өнгөрсөн сард ФАТФ-ын Саарал жагсаалтад орсонтой холбоотойгоор зах зээлд хиймэл эрэлт үүсэж, ам.долларын ханш төгрөгийн эсрэг чангарснаар өнөөдрийн байдлаар 2702.74 төгрөгийн нэрлэсэн ханштай байна. Тухайн үед ханшийг тогтворжуулах үүднээс Монголбанк ердөө долоо хоногийн хугацаанд 500 гаруй сая ам.долларын интервенц хийж, 4 тэрбумд хүрээд байсан валютын нөөцөө дундалсан. 

Гэтэл валютын нөөцөө бүрдүүлдэг, Монголбанканд тушаах алтны хэмжээ өнгөрсөн оныхоос 20 гаруй хувиар буураад байгаа билээ. Энэ талаар Голомт банкны Арилжааны хэлтсийн захирал Г.Мөнх-Эрдэнэтэй ярилцлаа. 

-Монголбанканд тушаасан алтны хэмжээ аравдугаар сард 12.9 тонн байгаа ч өнгөрсөн оны 17.7 тонныг бодоход хангалтгүй байна. Үүнийг та мэргэжлийн хүний хувьд хэрхэн дүгнэж байна вэ?

-Алт тушаалт өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 25 орчим хувиар унасан. Оны эцэс гэхэд 40 хувьд хүрч унах нь тодорхой болчихлоо. Гол шалтгаан нь АМНАТ-ын 2.5 хувийн татварыг 5 хувь болгож нэмэгдүүлснээр алт тушаалт далд хэлбэрт шилжсэнтэй холбоотой гэж үзэж байгаа. 

Монгол улс өмнө нь алтны салбарт хэд хэдэн татварын түвшинтэй явж ирсэн түүхтэй. Татвар нэмэгдэх тоолонд Монголбанканд тушаах алтны хэмжээ буурч, татвар бууруулах болгонд өсөж ирсэн. Хамгийн туйлдаа хүрсэн нь 68%-ийн татварын орчинд жилд хоёрхон тонн алт Монголбанканд тушаагдсан байдаг. Ерөнхийдөө татвар өсөх тусмаа алт тушаалт далд хэлбэрт шилжээд байгаа. 

Нөгөө талаар, далд арилжааг хориглож, хязгаарлаж чадах бүтцүүд манайд алга. Хэрэв алт  далд хэлбэрээр гадагш гарсаар ирсэн бол түүнийг зогсоохын тулд хил гааль дээр маш сайн тоног төхөөрөмжийн шинэчлэлүүд явсан байх ёстой. Мөн холбогдох байгууллагууд нь хоорондоо нягт хамтран ажиллаж байж далд арилжааг зогсооно.

График 1, Алт тушаалт: 1990 оноос хойшх дата, эх сурвалж: Монголбанк

-Монголбанканд тушаах алтны хэмжээ 25-40 хувь хүрч буурахын хор хохирлыг хэрхэн үнэлэх вэ?

-Нэг тоо бодоод үзье л дээ. Өнгөрсөн онд Монголбанканд 22 тонн алт тушаагдсан. Ойролцоогоор 700 орчим сая доллар болсон гэж байгаа. Түүний 2.5 хувь гэхээр 15 сая долларын татвар улсын төсөвт төлжээ. 
Хэрэв энэ онд адилхан 22 тонн алт авлаа гэж бодоход 30 орчим сая долларын татварын орлогыг улсын төсөвт хуримтлуулах байж. Өөрөөр хэлбэл, татварыг 5% болгож нэмснээр улсын төсөвт өмнөх жилээс нэмж орж ирэх мөнгө нь 20 хүрэхгүй сая ам.доллар байгаа юм. 

Гэтэл үүний цаана бид алт тушаалтаа 25-40 хувь буюу 5.5-8.8 тн орчимоор алдах нь. Ойролцоогоор 300 орчим сая ам.доллар. Энэ тооцоог хийгээд үзэхээр татвараа нэмж 20 сая долларын орлого төсөв дээр нэмж олсны хариуд 300 сая ам.доллароор валютынхаа нөөцийг алдсан дээр үү гэдэг асуулт гарч ирнэ. 

300 гаруй сая долларын валютын нөөц алдана гэдэг чинь долларын ханш өсөх нэг шалтгаан болно гэсэн үг. Хэрэв долларын ханш өсөөд байвал инфляц яах вэ, иргэдийн худалдан авах чадвар яах вэ? Компаниудын доллароор авсан зээлийн чанар яаж муудах вэ? Цаашлаад банкуудын зээлийн чанаргүйдэл яах вэ? Гадаад өр маань юу билээ гээд харахаар долларын ханшаас хамаараад иргэн, аж ахуйн нэгж, улсын эдийн засгийн бүхий л түвшинд сөрөг нөлөөлөл орж ирэхээр байгаа юм. 

Яг үнэндээ алт тушаалт нь 5.5-8.8 тонноор буурчихаар төсөвт өнгөрсөн жилийн авч байсан татвараас шальтай нэмэгдэж орж ирэх мөнгө бараг үгүй.

-Гэтэл нэгэнт ийм шийдвэр гарчихсан. 

-Алт тушаалт буурах нь анхнаасаа тодорхой байсан. Өмнө нь Монголбанк ч хэлж байсан, мэргэжлийн хүмүүс ч хэлж байсан. Гэтэл огт авч хэлэлцэхгүйгээр ийм шийдвэр гаргаж байгаа нь бодлого төлөвлөлт байхгүйн илрэл юм уу даа.

-Бусад улс оронтой харьцуулахад таван хувийн татвар бол өндөр биш гэж гишүүд үзсэн. Манай татвар хэтэрхий доогуур байсан учраас алт олборлогчид тэр түвшинд нь байлгах сонирхолтой болохоор бага тушаагаад байна уу?

-Бусад улстай харьцуулахад өндөр биш. Гэвч манай нөхцөлд алтны зах зээлийг далд хэлбэрт түлхээд байна шүү дээ. Татвараа өсгөх нь зөв. Гэхдээ гаалийн шинэчлэлээ хийгээд, хууль бусаар гарахгүй байх нөхцөлийг нь бүрдүүлчихээд нэмье л дээ. 

Жишээ нь, нэг вагонд 60 тонн нүүрс ачиж гаргаад 6,000 орчим ам.доллар олдог бол алтыг бүтэн жилжингээ олборлоод хамгийн дээд хэмжээ нь 22 тоннд л хүрсэн. Үүнийг цэвэршүүлбэл нэг шоо метр л хэмжээтэй. Тэгсэн хэрнээ 700 сая доллар хүрдэг. Ийм үнэ цэнтэй зүйлийг нуугаад хилээр гаргаад байгааг нэгэнт одоогийн нөхцөлд зогсоож чадахгүй байгаа бол татвараараа дамжуулаад алт тушаалтаа дотооддоо өсгөж, валютынхаа нөөцийг нэмэгдүүлж, долларынхаа ханшийг тогтвортой байлгах нь эдийн засгийн хувьд хавьгүй зөв шийдвэр шүү дээ. 

-Энэ жил дэлхийн зах зээл дээрх алтны ханш нэлээд өссөн. Ирэх жилийн ханшийг хэрхэн таамаглаж байгаа вэ?

-Би хувьдаа Трампыг гадаад худалдааны дайн эхлүүлэхэд баярлаж байсан. Яагаад гэвэл алтны ханш өсөх юм байна гэж бодсон. Үнэхээр ч алтны ханш өссөн. Өнгөрсөн жилтэй харьцуулахад 20 орчим хувиар нэмэгдсэн. Гэтэл АМНАТ-аа өсгөж, арилжаагаа далд хэлбэрт шилжүүлчихлээ. Хонх нь дугарахаар дамар нь таг гэдэг л болж байна.

Тэгэхээр дотоод эдийн засгийн бодлогоо төлөвлөхийн тулд гадаад орчныг нэвт шувт судалдаг, мэдээлэлтэй байх шаардлагатай нь эндээс харагдаж байна. Ер нь манайх шиг түүхий эд дээр суурилсан, хэрэглэгч орны хувьд дэлхийн санхүүгийн зах зээл хаашаа эргэж байна, их гүрнүүдийн тэргүүд ямар бодлоготой байна гэдгийг байнга харж байхгүй бол элгээрээ хэвтэх энүүхэнд л болоод байна.

2011 онд алтны ханш унци тутамдаа 1,900 доллар хүрч байгаад 2015 оны эцэс хүртэл 1,100 болтлоо унасан. Тэрнээс хойш 1,100-1,380-ийн хооронд хэлбэлзэж байсан. Харин энэ жил 1,550 хүрээд одоо 1,460-тай байна. Алтны ханш цаашдаа ч өснө гэж харж байгаа. Гэхдээ ирэх жилдээ энэ жил шиг огцом өсөлт гарахгүй болов уу. Дэлхийн эдийн засгийг 2-3 жилээр харвал тийм сайн төсөөлөл харагдахгүй байгаа. Тиймээс ирэх онуудад дахиад ханш өсөх боломжтой гэж харж байгаа.