Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/15-НД НИЙТЛЭГДСЭН

Филиппин улс луйврын сүлжээ ажиллуулдаг Хятадын 312 иргэнийг нутаг буцаажээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 15
iKon.MN
Зураг зураг

Утас, интернэтээр залилангийн үйл ажиллагаа явуулж байсан Хятадын иргэн 312 хүнийг өчигдөр эх оронд нь буцаасан тухай Филиппин улсын тагнуулын байгууллага мэдээлжээ.

Аравдугаар сарын 9-ний өдөр тус улсын Пасай хотод явуулсан тусгай ажиллагааны үеэр оффис түрээслэн хууль бус үйл ажиллагаа явуулж байсан гадаадын 512 иргэнийг баривчилсан юм. Тэдгээрийн дотроос Хятад улсын иргэдийг өчигдөр нутаг буцаасан бол Мьянмар, Малайз, Вьетнам, Тайвань, Индонезийн иргэд хоригдож байгаа юм байна.

Тэдний үйл ажиллагаа нь эх газрын Хятадын иргэдийг утас, интернэтээр залилан луйвардахад чиглэж байжээ.

Нийслэл Манилагаас China Eastern компанийн тусгай үүргийн таван онгоц гэмт хэрэгтнүүдийг тээвэрлэн Хятадын Хэбэй, Жилинь мужуудад хүргэсэн тухай Филиппиний тагнуулын газрын дарга Фортунато Манахан мэдээлсэн байна.

Бусад улсуудын иргэдийг бас удахгүй нутагт нь буцаахаар болжээ.

Өчигдөр бас Филиппиний цагаачлалын алба тус улсад утсаар луйврын үйл ажиллагаа явуулж байсан Японы 36 иргэнийг илрүүлж, баривчилсныг зарласан юм.

Тэд мөн адил Японд амьдардаг иргэд рүү чиглэсэн залилангийн үйл ажиллагаа явуулж байжээ.

Японы эрх баригчдаас өгсөн мэдээллийн дагуу Лхагва гарагт Манила хотын зочид буудлаас тэднийг баривчилсан байна. Энэ оны эхээр Тайландын Паттая амралтын газарт тансаг орон сууц түрээслэн луйврын үйл ажиллагаа явуулж байсан Японы 15 иргэнийг баривчилж байв.

Тэд мөн адил утас ашиглан Японы иргэдийн мөнгийг луйвардах сүлжээ ажиллуулж байсан юм.

 

Эх сурвалж: Kyodo News