Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Украины ерөнхийлөгч авлигын хэргийг илчилсэн хүнд шагнал олгох хуулийг баталжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Украины ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр авлигын хэргийн мэдээлэгчийг урамшуулах хуулийг баталжээ. Энэхүү хуулийн төслийг өнгөрсөн сард парламент дэмжсэн юм.

Хуулийн дагуу авлигын хэргийн талаар мэдээлэл өгсөн хүн тухайн авлигын мөнгөний 10 хувьтай тэнцэх шагнал авах ажээ.

Гэхдээ мэдээлсэн авлигын доод хэмжээ нь Украины хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 5,000 дахин өндөр байх ёстой гэнэ. Энэ нь 10 сая гривна буюу $410,000 орчим болно.

Өөрөөр хэлбэл авлигын талаар баттай мэдээлэл өгсөн хүн доод тал нь $41,000-ыг шагнал болгон авах юм.

Авлигын хэргийн талаар мэдээллийг тухайн байгууллагын удирдлагад, эсвэл иргэний байгууллага, хэвлэл мэдээлэл, үйлдвэрчний эвлэл, Украины Авлигалтай Тэмцэх Газарт өгөх ёстой.

Өгсөн мэдээллийн дагуу шалгаад урьдчилсан дүгнэлтийг мэдээлэл өгсөн хүнд 10 хоногийн дотор мэдэгдэх юм байна.

Үүний дараа тухайн байгууллага дотроо шалгалт явуулах, эсвэл хуулийн байгууллагад хандаж шалгуулна. Мөрдөн шалгах ажил 30 өдөр, шаардлагатай бол 60 өдөр хүртэл үргэлжлэх юм байна.

Үүний дараа мэдээлэл өгсөн хүнд шагнал өгөх эсэхийг шийдэх ажээ. Хэрвээ мэдээлэгч нь нэгээс олон хүн байвал шагналын мөнгийг хувааж өгнө.

Шаардлагатай тохиолдолд мэдээлэгчийг нууцлах, хамгаалах арга хэмжээ авах юм. Үүнээс гадна авлигын талаар худал мэдээлэл өгсөн хүн хариуцлага хүлээх юм байна. Гэхдээ авлигын талаар хуурамч мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарласан хүн л зөвхөн хариуцлага хүлээхээр хуулинд заажээ.

 

Эх сурвалж: Radio Free Europe /Radio Liberty