Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

Дэлхий дээр амьдарч байсан хамгийн том мичний нууцыг нээжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 14
iKon.MN
Зураг зураг

Эрдэмтэд манай гараг дээр амьдарч байсан хамгийн том биетэй мичний талаар шинэ баримт дэлгэжээ.

Gigantopitchecus blacki гэх нэрээр шинжлэх ухаанд бүртгэгдсэн энэ амьтан гурван метр өндөр, 600 хүртэл килограм жинтэй байсан гэж үздэг.

Саяхан эрдэмтэд Хятад дахь агуйгаас олдсон хоёр сая жилийн настай эрүүний яс, шүдийг молекулын түвшинд судалж, үр дүнг нь Nature сэтгүүлд нийтлүүлжээ.

Уг судалгааны үр дүнд аварга мич нь өнөөдрийн орангутанг мичтэй ойр төрлийн амьтан байсныг тогтоосон байна. Тэд 12 сая орчим жилийн өмнө нэг өвөгтэй байжээ.

“Горилла, шимпанзе болон хүнтэй харьцуулахад өнөөдөр амьд байгаа хамгийн ойр төрлийн амьтан нь орангутанг байна” хэмээн судалгаанд оролцсон Копенгагены их сургуулийн профессор Фридо Уэлкер ярьсан байна.

Хоёр сая жилийн өмнө амьдарч байсан амьтны ясыг эрдэмтэд анх удаа молекулын түвшинд “protein sequence” аргаар судалсан нь энэ юм. Цаашдаа хүний өвөг дээдсийн хувьслыг судлахад ийм аргыг ашиглаж болно гэсэн найдлага төрсөн талаар судлаачид ярьж байна.

Gigantopitchecus blacki мичийг анх 1935 онд олдсон ганц шүдний тусламжтай нээж байжээ. Энэ амьтан хоёр саяас 300,000 жилийн өмнө Зүүн Өмнөд Азид амьдарч байгаад уур амьсгалын өөрчлөлтийн улмаас устаж алга болсон гэж үздэг юм.

 

Эх сурвалж: BBC