Засгийн газрын өнөөдрийн /2019.11.13/ хуралдаанаас гаргасан шийдвэрүүдийг хүргэж байна.
- “Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай Монгол Улс, ОХУ хоорондын гэрээ”-г соёрхон батлах тухай хуулийн төслийг дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Хоёр улсын төрийн тэргүүн дээрх гэрээнд 2019 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар хотноо гарын үсэг зурсан юм.
- “Хууль бусаар оршин суугаа иргэдийг буцаан шилжүүлэх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”,
- Монгол Улс, БНЭУ-ын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцэн дэмжиж УИХ-д өргөн мэдүүлэхээр болов. Газрын тос боловсруулах үйлдвэр барихад нэмэлт 236 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог БНЭУ-ын “Инженерс Индиа Лимитед” компани гаргасан. Зээлийн хугацаа 20 жил, үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа таван жил, жилийн 1.75 хувийн хүүтэй байх юм.
- Байгаль орчин, аялал жуулчлалын салбарын хүрээнд 2020-2024 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын 19 төслийг улс, орон нутгийн төсөв, олон улсын байгууллагын зээл, тусламж, төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд санхүүжүүлэхийг сайд Н.Цэрэнбат, Ч.Хүрэлбаатар нарт даалгав.
- “Дипломат албан болон энгийн паспорт эзэмшигчдийг визийн шаардлагаас чөлөөлөх тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс хоорондын хэлэлцээр”-ийг батлав. Ингэснээр иргэд хоёр улсын нутаг дэвсгэрт 90 хүртэлх хоногийн хугацаанд визгүй зорчих юм.