Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Электрон тамхи хэрэглэсний улмаас хүндээр өвчилсөн залуу хоёр уушгиа солиулжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Электрон тамхи хэрэглэсний улмаас хүнд өвчин туссан 17 настай залуугийн баруун, зүүн уушгийг шилжүүлэн суулгасан тухай АНУ-ын Детроит хотын эмнэлэг өчигдөр мэдээлжээ.

Энэ мэдэгдлийг гарахын өмнөх өдөр АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп электрон тамхины зохицуулалтын асуудлаар салбарын гол төлөөлөгчидтэй уулзах гэж байгаагаа мэдэгдсэн юм.

Уушги шилжүүлэн суулгах ажиллагааг удирдсан Henry Ford Hospital эмнэлгийн захирал Хассан Немех “Өвчтөн хоёр уушгиа солиулахгүй бол амь насаа алдах нь гарцаагүй болоод байв” гэж хэвлэлд ярьжээ.

Аравдугаар сарын дундуур болсон хагалгааны талаар олон нийтэд анхааруулга болгох үүднээс мэдээлэхийг өвчтөний ар гэрийнхэн эмнэлгийн захиргаанаас хүссэний дагуу өчигдөр хэвлэлийн хурал зохион байгуулсан байна.

Өвчтөн залуу аравдугаар сарын 3-ны өдөр тус эмнэлэгт маш хүнд байдалтай ирсэн бөгөөд донорын уушги яаралтай хайж олсны дараа 15-ны өдөр хагалгаанд орж байсан гэнэ.

Сүүлийн байдлаар АНУ даяар электрон тамхины хэрэглээтэй холбоотой 2,051 өвчлөлт бүртгэгдээд байгаа ба нийт 39 хүн амиа алджээ.

29 өвчтөний уушгинаас дээж авч судалсан АНУ-ын эрүүлийг хамгаалахын мэргэжилтнүүд электрон тамхинд байдаг Витамин E ацетат хэмээх бодисыг илрүүлсэн тухайгаа Баасан гарагт мэдэгдсэн юм. Уг бодис нь электрон тамхи хэрэглэгчдийн эрүүл мэндийг эрсдэлд оруулах гол шалтгаан болж байна гэж тэд дүгнэжээ.

 

Эх сурвалж: Reuters