Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Дарангуй дэглэмийг сөрж гарах гарын авлага

ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

“Дарангуй дэглэмийг сөрж гарах гарын авлага” гэж нэрлэгдсэн энэхүү бичвэр нь 2017 оны нэгдүгээр сараас анх твиттер сүлжээнд тархаж эхэлсэн  “Хайрт Зүүн Европын найзуудаас нь”  гэсэн гарын үсэг ба  #LearnFromEurope гэсэн хаштагтай олон мянган жиргээнүүдээс санаа авч бичигдсэн юм. Ийм таних тэмдэгтэй жиргээнүүд нь нэг сарын дотор гурван сая хандалт авсан байдаг.

Гарын авлага нь АНУ болон бусад олон улсад асар хурдан тархаж, Турк, Филиппин гэх мэтээр олон хэл рүү орчуулагджээ. Эш татсан жижиг хэсэг, товчлолууд нь манай сошиал мэдээллийн хэрэгслүүдэд нийтлэгдсэн байдаг ч бүрэн эхээр нь нийтэлж байгаа нь анхны удаа юм. 

Сүүлийн жилүүдэд дэлхийн олон улс оронд тохиолдож буй ардчиллаас ухрах үзэгдэл хоорондоо маш төстэй үйл явцаар өрнөж буй нь олон судлаач, хэвлэл мэдээллийн ажилтнуудын анхаарлыг татаж байна.

Энэхүү гарын авлагад дурдсан алхмууд манай Монгол улсад ч тодорхой ажиглагдаж байна. 

Гарын авлагын төгсгөл хэсэгт хэрвээ таны эргэн тойронд Дарангуй дэглэмийг дэмжигч найз нөхөд, хамт олон, гэр бүлийнхэн байгаа бол тэдэнтэйгээ хэрхэн харилцах арга замыг заасан нь олзуурхууштай хэсэг. 

ЭХНИЙ ЖИЛ:  ДАРАНГУЙ ДЭГЛЭМИЙН ДОР:

Ямар үйл явдал тохиолдох вэ?

  1. Тэд хүмүүсийн айдаст суурилсан кампанит ажил зохион байгуулж, түгшүүрт автуулам цуу яриаг нийгэмд тараан, үнэнийг гуйвуулах замаар эрх мэдэлд хүрнэ. Энэхүү ялалтдаа ардчилсан сонгуулийн замаар хүрнэ. Энэ нь тэдний үйлдэл, үйл ажиллагааг шүүмжлэх бүрт хэлэх хариу тайлбар болох учир болгоомжлоорой. Тэд тогтолцоог өөрчлөхийг “Ард түмэн хүссэн” хэмээн хэлэх болно.

Ардчилсан тогтолцооны дагуу эрх мэдлийг олж авах нь тэдэнд хууль ёсны хэмжээ хязгаарыг давж, ардчиллыг уландаа гишгэх зөвшөөрөл болохгүй гэдгийг санаарай.

  1. Тэд нийгмийг хувааж, хагаралдуулах замаар захирдаг. Тэдний хүч чадал нь нэгдмэл байдал, нэг дуу хоолой, үзэл баримтлал мөн бол чинийх ч тийм байх хэрэгтэй.  Тэд өөрсдийнхөө дэмжигчдийг “жинхэнэ Америкчууд”, “Эх орончид” гэж нэрлэдэг. Та бүхнийг харин урван тэрслэгчид, төрийн дайсан, эх оронч бус, худалдагдсан элитүүд, эрх мэдлийг дахин олж авахын төлөө тэмцэж байгаа хуучин дэглэмийнхэн гэж ялгана. Тэдний дэмжигчид нь удирдагчдаа сонгосон “Бүрэн эрхт Ард түмэн” байна.

Та бүхнийг бүлэглэн хуваахыг тэдэнд битгий зөвшөөр. Та бүхэн нэгдмэл нэг ашиг сонирхол бүхий нэг Үндэстэн гэдгээ ямагт санаарай.

  1.  Тэд төрийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг эрхэндээ байлгаж, тэдгээрийг ухуулга сурталчилгааны суваг болгон ашиглана. Тэгээд, хэцүү төвөгтэй хуулиуд болон заналхийллүүдээр дамжуулан бүхий л олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хяналтандаа байлгаж, хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлахыг оролдоно. Тэд шүүмжлэгч мэдээллийн хэрэгслийг хориглож, тэднийг “худалч”, “хуурамч мэдээ тараагчид” гэж дуудна. Тэд тэдгээр хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “Ард түмний”  эсрэг ажиллаж байгаа “эх оронч бус” гэж цоллоно. (2-г харна уу.)

“Төрийн дайсан” гэж цоллуулж үйл ажиллагаагаа хориглуулсан, хянуулсан, ажлаасаа халагдсан сэтгүүлч бүрийн төлөө тэмц: Хэвлэлийн эрх чөлөө байхгүй газар эрх чөлөөний итгэл найдвар үгүй.

  1. Тэд эмх замбараагүй байдал үүсгэж, үргэлжийн зөрчилдөөн, аюултай байдлын мэдрэмжийг олон нийтэд төрүүлнэ. Үүнийгээ таны эрх чөлөө болон иргэний чөлөөт байдлыг хязгаарлах шинэ захиргаадалтын хууль тогтоомжийг батлах гол тайлбар болгох болно. Тэд өөрсдийгөө “Ард түмний” сайн сайхны төлөө, таныг хамгаалахын төлөө байгаа мэтээр баг зүүнэ.

Эмх замбараагүй байдал, хуурамч айдас хүйдсийг давж хар. Нэг л өглөө тоталитари фашист тогтолцоонд сэрэхээсээ өмнө үүнийг илчилж гаргаж тавь.

  1. Тэд үнэнийг гуйвуулж, үйл баримтыг үгүйсгэж, ил тодоор худлаа ярих болно. Тэд баримт факт юу байсныг мартуулж, үнэнийг олж мэдэх хэрэгцээг тань унтраахыг хичээнэ. Тэд “үнэний дараах”, “хувилбарт үйл баримт”-аар тэжээж, мэдлэг болон логикийг сэтгэл хөдлөл болон зохиомол үйл явдлаар солих болно.

Үргэлж шүүмжлэлтэйгээр тунгаан бодож, үйл баримтыг шалган, үнэнд анхаарлаа хандуул. Үл мэдэхүйг илчил.

  1. Тэд хуурамч, зохиомол “дуулиант асуудлыг”-ийг өдөөн турхирч, олон нийтэд тараана. Тэд сөрөг хүчиндээ ялимгүй жижиг бурууг нялзаан, хэтрүүлэн дэвэргэж галыг улам өдөөнө. Энэ нь зөвхөн тэдний тоталитари дэглэмд хүрэхээр авч хэрэгжүүлэх алхмуудад хууль ёсны харагдуулах баг юм.

Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тархаж байгаа зохиомол сэдэвт бүү хуурт. (3-г харна уу) Тэдний хийж байгаа гол зүйлд анхаарлаа төвлөрүүл.

  1. Тэд таны уур бухимдлыг дэвэргэх зорилгоор зориуд цочирдом хуулиудыг санаачилна. Та тэр хуулиудтай аль байдгаараа тэмцэж, бүрэн төвлөрөх үед  санаатайгаар хойш сууж, танд ялалтын хуурамч мэдрэмжийг бий болгоно. Ингэх зуураа тэд арай бага “нүдэнд өртөх” ч ардчиллыг аажмаар бусниулах  хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрүүлнэ. (4 болон 6-г харна уу)

Хамгийн чухал зүйлдээ л анхаарлаа хандуул.

  1. Тэд  ардчилал бол цөөнхийг огт хүндэтгэдэггүй зөвхөн олонхийн л засаглал мэтээр аашилдаг.  Иймээс тэд эмэгтэйчүүд, нийгмийн цөөнх гэх мэт хамгийн өр өвтгөм бүлгийг ашиглан таны зөв бурууг цэгнэх мэдрэмжид халдана.

Тэд нийгэмд гадаадын иргэд болон цагаачид бол “бодит аюул занал” гэсэн ойлголт төрүүлнэ. Арьс өнгө, шашин, хүйсийн болон бусад цөөнхүүдийг тэдний бүтээхээр зорьж байгаа дүрэм журам болон аюулгүй байдлын дайсан гэж үзнэ. Эмэгтэйчүүдийн нийгмийн байр суурийг үгүйсгэж, хүйсийн тэгш байдлыг улам дордуулан, нөхөн үржихүйн эрхэд халдана (7-г харна уу). Энэ нь тэд өөрсдийнх нь дэглэмд эмэгтэйчүүд, нийгмийн цөөнхийн зүгээх учруулж болох аюулыг  бүрэн дүүрэн мэдэж байгаа гэсэн үг юм.

Эмэгтэйчүүд, нийгмийн цөөнх бүлгүүд жинхэнэ ардчилал гэж юу болохыг олон нийтэд сануулахад бэлэн байх ёстой. Энэ бол амаргүй тулаан бөгөөд та ч хамтдаа тэмцэх ёстой.

  1. Тэд шүүх эрх мэдлийг хяналтдаа авахыг оролдоно. Тэд танай хамгийн дээд түвшний шүүхэд халдана. Тэд Үндсэн хуульд харш хууль тогтоомжийг хүлээн зөвшөөрүүлэхийн тулд Хяналт-тэнцлийн зарчмыг устгана. Шүүх эрх мэдлийг хяналтандаа оруулсанаар тэд хэвлэл мэдээллийн хэрэгсэл зэрэг тэднийг мөрдөн шалгах гэсэн хэн бүхнийг сүрдүүлэх боломжтой болно.

Бүхий л хүчээрээ шүүхээ хараат бус, бие даасан байлгахаар тэмц. Шүүх бол таны аюулгүй байдлын баталгаа болох хууль дээдлэх, ардчилсан тогтолцооны хамгаалагч юм.

  1. Тэд “таны аюулгүй байдлын үүднээс” гэх нэрийдлээр эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлахыг оролдоно. Тэд төрийн аливаа арга хэмжээг давуу үзсэн, эсвэл тодорхой төрөл, үзэл баримлалыг чухалчилсан хууль тогтоомжуудыг батална. Тэд хэнийг хууль ёсны дагуу жагсаал цуглаан хийхийг шийдэж чадаж байна гэдэг нь үлдсэн хэсгийг хүчээр тарааж, мөрдөн мөшгөх хууль зүйн үндэслэлийг олж авна гэсэн үг.

Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлахыг оролдсон хууль тогтоомжийн эсрэг бүх арга замаар эсэргүүцэн зогс!

  1. Тэд хэлийг гуйвуулж, шинэ үг хэллэг, нэршлийг зохион, цочирдом үг хэллэгийг энгийн зүйл гэж хүлээн авах, ухамсаргүйгээр хэрэглэх хүртэл дахин давтана. Хулгайч, худалч, урвагч гэсэн үгнүүд шууд л өрсөлдөгчдийг нэрлэх үгс болж, харин Эх оронч эсвэл жинхэнэ Америк хүн гэсэн үгнүүд нь тэдний дагагчдыг илэрхийлнэ (2-г харна уу). Тэдний этгээд үгс нь өөрсдийнхөө дэмжигчдэд хүч өгөх болон өрсөлдөгчдийнхөө уур бухимдлыг аажмаар нэмэгдүүлэх хоёрдмол  зорилготой байна.

Олон нийтийн дунд өрнөж байгаа хэл ярианы өөрчлөлтийн эсрэг тэмц. Үгсийн жинхэнэ утгыг санаж, хэвээр авч үлд!

  1. Тэд таны үндэсний бэлэг тэмдгүүдийг өөриймшүүлж,  өөрсдийнхөө дэглэмд хамаатуулж эрх мэдлийнхээ нэг хэсэг болгож харагдуулна. Тэд туг далбаа, төрийн дуулал, бэлэг тэмдгүүд танд, хүн бүрт, бүх ард түмэнд тэгш хамаардагийг мартуулахыг хүснэ. Үнэт зүйлсээ битгий булаалга. Тэдний адил өөрсдийнхөө тэмцэлд бэлгээ тэмдгээ ил тод ашигла.

Бахархалтайгаар үндэсний бэлэг тэмдгээ үзүүл. Өөрсдийн давуу талаа болго. Улс оронд тань тогтож буй дарангуй дэглэмтэй бэлэг тэмдгээ бүү хутгуул.

  1. Тэд  өөрсдийнхөө хэрэгцээнд нийцэж, тохирохохуйц түүхийг дахин зохиохыг оролдож, эл зорилгодоо боловсролын тогтолцоог ашиглана. Тэднийг үйл ажиллагаатай нийцэхээргүй түүхийг бичиж, эсвэл одоо амьдарч байгаа хүмүүсийг гутаан доромжилж, нэр хүндийг нь гуйвуулна. Тэд сургуульд зааж буй түүхийн хичээлийн агуулгад анхаарал хандуулж, түүх философийн “зөвхөн цор ганц үнэн хувилбар”-аар залуу ухаан бодлыг усална. Тэд түүх болон хорвоог үзэх үзлийн гуйвуулсан тайлбар, ойлголтоор цэнэглэгдсэн, тэдний үзэл баримтлалыг дэмжих сонгогч-шинэ залуу үеийг өсгөнө.

Хүүхдийнхээ боловсролыг хамгаал, тэдэнд шүүн тунгаах сэтгэлгээг зааж сурга. Нээлттэй үзэл бодолтой нэгэн болгож, бодит түүх, өв соёлоо хамгаал.

  1. Тэд гадаадын холбоотон, хамтрагчдыг “танд хэрэггүй” гэж ятгах замаар тусгаарлана. “Улсаа дахин хүчирхэг болгоно” гэдэгт л анхаарлаа төвлөрүүлж, дэлхийн үлдсэн хэсгийг хайхрахгүй үлдээнэ. Өөрсдийнхөө популист амлалтуудаа биелүүлэхийн тулд эдийн засгийг нурааж, хөгжил дэвшил бол хамтын ажиллагаа, хуваалцал, худалдаанд тулгуурладаг илүү том дэлхийн нэг хэсэг гэдэг бодит байдлыг үгүйсгэнэ.

Аюулгүй байдлаар халхавчилсан ханыг өрж, чинээлэг байдалд хүргэх гүүрийг боомилохыг бүү зөвшөөр.

      15. Тэд эцэст нь сонгуулийн тогтолцоог зальдах аргаа олно. Тэд үүнийгээ алдаа дутагдлыг засах, илүү шударга болгох, дэлхийн жишигт нийцүүлэх эсвэл илүү сайжруулахын тулд хэмээн тайлбарлах болно. Үүнд  битгий итгэ. Ашигтай болоод л сонгуулиар оролдож таарна.

Дарангуй дэглэмийн батлахын хүсч байгаа сонгуулийн хууль тогтоомжид оруулах аливаа өөрчлөлтийг эсэргүүц. Энэ нь зөвхөн тэдэнд эрх мэдлээ илүү удаан хугацаагаар хадгалахад л туслах болно.

     16. Хамгийн чухал нь хүчтэй, тэвчээртэй бай, тэмц. Түүхийн зөв талд нь зогсож байгаа гэдгээ сана. Ард түмний ачаар түүхэн дэх авторитари, тоталитари, фашист дэглэм бүхэн эцсийн дүндээ нуран унасан юм шүү.  

Хайрт Зүүн Европын найзуудаас нь

ДАРАНГУЙ ДЭГЛЭМИЙГ ШАЛГАХ ЖАГСААЛТ
  1. Айдас болон популист амлалтуудад үндэслэн сонгуульд ялах

  2. “Ард түмний төлөө элитүүдээс эрх мэдлийг булаан авах”

  3. Төрийн гол байгууллагуудын чухал албан тушаалуудыг хүчээр булаан авах
     
  4. Чадварыг үл харгалзан эрх мэдэл бүхий албан тушаалуудад дотны хүмүүсээ тавих
     
  5. Шүүмжлэлт хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг “худалч, худалдагдсан, Ард түмний эсрэг” зэргээр олон нийтийн тархийг угаах
     
  6. Ард түмэнд шулуухан худлаа ярих
     
  7. Хэвлэл мэдээлэлд мэдээлэл өгөхгүй байх, эсвэл тэднийг мэдээлийн эх сурвалжид нэвтрэх эрхийг сонгож хязгаарлах
     
  8. Хэвлэлийн эрх чөлөөг хязгаарлаж, олон нийтийн мэдээллийн сувгийг сэмхэн хяналтандаа авах
     
  9. Сөрөг хүчин, эсэргүүцэгчдийг урвагчид, эрх мэдлийг булаан авахыг оролдож байгаа элитүүд хэмээн цоллох
     
  10. Эвлэлдэн нэгдэх эрх чөлөөг хязгаарлах
     
  11. “Ард түмний төлөө’ л төлөө бол Үндсэн хуулийг тойрч гарах боломжтой байдлаар дээд шатны шүүхийг өөрчлөх.
     
  12. Цөөнхийн болон эмэгтэйчүүдийн эрхийг хязгаарлах
     
  13. Өөрсдийн популист амлалтуудыг богино хугацааны дотор биелүүлэхийн тулд эдийн засгийг золиослох
     
  14. Улсаа дахин хүчирхэгжүүлэх гэдэг шалтгаанаар олон улсын холбоотнууд, хамтрагчдыг холдуулах
     
  15. Илүү сайжруулах гэсэн хуурамч зорилгоор сонгуулийн хууль тогтоомжийг чимээгүй өөрчлөх
     

Хайрт Зүүн европын найзуудаас нь

ДАРАНГУЙ ДЭГЛЭМИЙН ДОТОР ТЭСЧ ҮЛДЭХ 6 ДҮРЭМ

Дүрэм 1

Битгий хэнэггүй бай. Энэ бүхэн эцэстээ таныг оролдох л болно. Таны гэр бүл, найз нөхдийг оролдох болно. НЭН ДАРУЙ эсэргүүцлээ илэрхийл. Анхаарал хандуулж байгаагаа тэдэнд үзүүл. ТЭМЦ.

Дүрэм 2

Тэд АЙДАС БОЛОН ХАРАНХУЙ БҮДҮҮЛЭГ байдалд баярладаг. Айдас хүйдсийг зориуд тарааж байгааг нь илрүүл. Тэдний үндэслэлүүдийн алдаа дутагдалыг харуул. Мэдлэгээ нэмэгдүүл. Эргэн тойронд байгаа хүмүүсээ БОЛОВСРУУЛ. Тэд ҮЙЛ БАРИМТЫГ гуйвуулж, түүхийг дахин бичихийг оролдоно. ТЭДЭНД ҮҮНИЙГ БҮҮ ЗӨВШӨӨР.

Дүрэм 3

Эсэргүүцлийн хөдөлгөөнүүдийг зохион байгуул, иргэний нийгмийг дайчил. Тэд нарийн зохион байгуулагдсан тул та ч гэсэн тийм бай. ГУДАМЖУУДЫГ ХҮНЭЭР ДҮҮРГЭ. Тэд олны хүчийг хараад ухарна.

Дүрэм 4

Жинхэнэ Америкчууд, эх оронч хүмүүс, урвагчид, төрийн дайсан гэж иргэдийг ялгаж АНГИЛАХЫГ тэдэнд бүү зөвшөөр. Та бүхэн итгэл үнэмшил, үзэл бодлыг ялгаагаа үл харгалзан БҮГД иргэд, НЭГ улс. Олон янз байдлаа өөрсдийнхөө ДАВУУ ТАЛ болго. Нийтлэг зорилгынхоо төлөө-Эх орныхоо оршин тогтнол, эрх чөлөө болон ардчиллынхаа төлөө ХАМТДАА зогс.

Дүрэм 5

Битгий бууж өг, битгий ядарч цуц, битгий дуусахыг нь хүлээ. Өнгөрөн одно гэж битгий найд. ТЭГЭХГҮЙ. Тэд өөрсдийнхөө төлөө ард түмнийг мэхлэн, олон нийтийн бодлыг эргүүлэхийн тулд хэвлэл мэдээллийг хяналтандаа байлган, сонгуулийн тогтолцоог өөрчилнө.

Дүрэм 6

Хэрэв та тэднийг ухрааж, эсвэл зогсоож чадаагүй бол, дараагийн сонгууль болох үед ардчилал хэвээр байна гэж үзэж байгаа бол дахин тийм этгээдүүдэд  ХЭН Ч санал өгөхгүй гэдэгт итгэлтэй болтлоо үзэлцэх хэрэгтэй.

Хайрт Зүүн Европын найзуудаас нь

 

ТАНЫ НАЙЗ НӨХӨД, ГЭР БҮЛИЙН ГИШҮҮН ТАНЬ ДАРАНГУЙ ДЭГЛЭМИЙГ ДЭМЖДЭГ БОЛ ХЭРХЭН ХАРИЛЦАХ ВЭ?

Дүрэм 1

Хэдий та тэдний хэлж байгаа зүйлүүд нь ямар ч баримт нотолгоогүйг мэдэж байгаа, эсвэл үнэнийг гутаасан гэж бодож байлаа ч битгий дорд үз. Бүү үл хүндэтгэж харьц. Битгий зааж сурга, харин асуулт асуу. Тэдэнд ямар бэрхшээл тулгарсан, яагаад түүнийг нь авторитари дэглэм шийднэ гэж буйг ойлгохыг хичээ.  Хүн ёсоор ижил тэнцүү харьц. Тэд хэлж ярьж байгаа зүйлээ үнэн гэж итгэж байгаа бөгөөд  тодорхой учир шалтгаан байж магад.

Дүрэм 2

Сэтгэл хөдлөлөөр бүү ханд, хэтэрхий хурц, халуун маргаан бүү болго. Эсрэг талынхаа сэтгэл хөдлөлтэй тайван, логиктой байдлаар тэмц. Тэд уурлаж бухимдах тусам та илүү тайван байх хэрэгтэй. Эцэстээ тэд ч гэсэн тайвширна.

Дүрэм 3

Нийтлэг талууддаа анхаарлаа төвлөрүүл. Та нэг хороололд амьдардаг уу? Нэг компани, нэг салбарт ажилладаг уу? Хамт олон чинь жижиг байх тусам амар. “Бид хамтдаа өөрсдийнхөө төлөө үүнийг хийх ёстой, хэрвээ бид хамтрахгүй л бол бидний хэн нь ч хожихгүй” зэрэг жишээнүүдийг хэл.

Дүрэм 4

Тэдний хэлийг ашигла, таниас доогуур түвшний, юм мэддэггүй мэтээр бүү дорд үз (1-г харна уу). Тэд харааж зүхвэл та ч гэсэн харааж зүх. Хэрэв тантай хошигнож харьцвал битгий уурлаж бухимд, хошигносон байдлаар хариул. Та үнэндээ тэднээс тийм ч өөр биш гэдгээ харуул (3-г харна уу). Хоёр өөр үелзлэлээс харилцвал хэзээ ч ойлголцохгүй.

Дүрэм 5

Тэдний мэдээллийн эх сурвалжийг өөртөө битгий бүрэн хаа, тэдний удирдагчид, эрх мэдэлтнүүдээс нь огт бүү нүүр буруул. Тэдний ертөнцийг үзэх үзэл, тактикт нэвтрэх боломж гэж үз. Тэдний үндэслэлд бэлтгэлтэй байх давуу тал гэж үз. Санал нийлэхгүй зүйл гарах, эсвэл худал хуурмагийг олж илрүүлэх бүртээ тайвнаар хүлээн авч, баримт нотолгоотой үндэслэлүүдээр илчилж гарга.

Дүрэм 6

Тэдэнд шууд нөлөөлөх, сөрөг, бодит хор хөнөөлийг зааж үзүүл. Буруу бодлогууд тэдэнд, тэдний гэр бүл, хүүхэд, найз нөхдөд хэрхэн нөлөөлж байгаа, тэдгээр нь хамт олонд яаж сөргөөр нөлөөлж байгаа талаарх жишээг ол.

Дүрэм 7

Хэрэв дээрх бүгд бүтэлгүйтвэл битгий бууж өг, найз нөхөд, гэр бүлээ битгий орхи, хөршүүдээсээ битгий зугт. Дарангуйлагчид биднийг хяналтандаа байлгахын тулд үргэлж хагаралдуулахыг хүсдэг гэдгийг сана. Мах шарж идэхдээ тэднийг дууд, пиво уухаар цугла, хэн мэдлээ, тэд магадгүй таныг өөр биш гэдгийг эцэст нь ойлгоно.

Хайрт Зүүн Европын найзуудаас нь

 

Орчуулсан: Х.Номингэрэл

Эх сурвалж: Mycielski, Martin: The Authoritarian Regime Survival Guide, VerfBlog, 2018/3/26, https://verfassungsblog.de/the-authoritarian-regime-survival-guide/