Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Хуавэй АНУ-ын хоригийг даван туулахад гол үүрэг гүйцэтгэсэн ажилтнуудаа $286 саяар шагнана

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Хятадын Хуавэй компани АНУ-ын засаг захиргаанаас оноосон худалдааны хоригийг даван туулахад хувь нэмэр оруулсан ажилтнууддаа хоёр тэрбум юаний ($286 сая) шагналыг хувааж олгохоор болсныг Ройтерс агентлаг мэдээлжээ.

Шагналыг Хуавэй компанийн судалгаа, хөгжүүлэлтийн (Research and Development team) албаны мэргэжилтнүүд, мөн АНУ-аас нийлүүлэхийг хориглосон тоног төхөөрөмж, программыг орлуулах эх үүсвэр бий болгоход ажилласан хангамжийн мэргэжилтнүүд голлон хүртэх гэнэ.

Вашингтоны засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сард Америкийн компаниудыг Хуавэй компанид бүтээгдэхүүнээ нийлүүлэхийг хориглох шийдвэр гаргаж байв.

Үүнээс гадна ерөнхийлөгч Дональд Трампын захирамжийн дагуу тус компанийн тоног төхөөрөмжийг үндэсний аюулгүй байдалд хор хөнөөлтэй гэсэн үндэслэлээр АНУ-д хэрэглэхийг хориглосон юм.

Бас Хуавэйн дэд бүтцийг харилцаа холбооны системдээ ашигласан улстай тагнуулын мэдээлэл солилцохгүй гэдгийг өөрийн холбоотон орнуудад анхааруулж байв.

Харин өнгөрсөн долоо хоногт АНУ-ын худалдааны сайд Уилбур Росс тус компанид бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх сонирхолтой Америкийн компаниудад удахгүй зөвшөөрөл олгож эхлэх тухай мэдэгдсэн байна.

 

Эх сурвалж: CNET