Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Владимир Путин, Ши Жиньпин нар Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх хоолойг нээхээр болжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Оросоос Хятадад байгалийн хий нийлүүлэх “Сибирийн хүч” нэртэй хоолойн нээлт арванхоёрдугаар сард товлогдож, хоёр улсын төрийн тэргүүнүүд оролцохоор болжээ.

Гэхдээ Владимир Путин, Ши Жиньпин нар нээлтийн арга хэмжээнд биеэр оролцохгүй, телеконференцийн технологи ашиглаж алсаас оролцох болсныг ОХУ-ын ерөнхийлөгчийн туслах Юрий Ушаков мэдэгдсэн байна.

Хятадын гадаад хэргийн яамны хэвлэлийн төлөөлөгч Гэн Шуань “Хятад-Оросын хооронд зүүн чиглэлийн хоолойг ашиглан байгалийн хий нийлүүлэхээр хоёр улсын төрийн тэргүүнүүд тохиролцсон. Энэ бол хоёр улсын хувьд эрчим хүчний салбарт хамтран ажиллах маш чухал стратегийн төсөл юм” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ.

2014 онд хоёр улсын засгийн газар “Сибирийн хүч” хоолойгоор байгалийн хий нийлүүлэхээр тохиролцож, Газпром, CNPC (China National Petroleum Corporation) компаниуд 30 жил хамтран ажиллах гэрээ байгуулж байв.

Уг хоолойгоор ОХУ-ын Якут, Эрхүүгээс байгалийн хийг алс дорнодын хэрэглэгчдэд, цаашлаад Хятадын зах зээлд нийлүүлэх юм.

2025 он гэхэд 3,000 км урт энэхүү хоолойгоор 38 тэрбум шоо метр хий Хятадад нийлүүлэхээр тооцоолжээ.

Өнгөрсөн сарын сүүлээр Газпром компани хоолойг байгалийн хийгээр дүүргэх ажлыг дуусгаж, нийлүүлэхэд бэлэн болоод байгаа гэнэ.

 

Эх сурвалж: Russia Today