Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

Японы Хаяабуса-2 хөлөг дэлхий рүү буцахаар болжээ

Р.Түвшин, iKon.mn
2019 оны 11 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Японы Хаяабуса-2 хөлөг маргааш алс хол байгаа астероидын тойрог замаас гарч, дэлхийн зүг жолоо залахаар болжээ.

Тус хөлөг биднээс 300 сая километр зайнд байгаа Рюгү астероидын хөрснөөс авсан дээжээ 2020 оны сүүлээр дэлхийд авч ирэхийг Японы шинжлэх ухаан, боловсролын сайд Коичи Хагиуда өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Энэхүү 4.6 тэрбум жилийн настай сансрын биет нь нарны аймаг эхэн үедээ ямар хэлбэр төлөвтэй байсан талаар үнэтэй чухал баримтыг агуулж байгаа юм.

Энэ оны дөрөвдүгээр сард Хаяабуса-2 хөлөг астероидын хөрсөнд тэсэлгээ хийж, цацагдсан чулуулгийн дээжийг шүүрч авах онцгой ажиллагааг амжилттай хэрэгжүүлсэн байна.

Зургаан жил үргэлжлэх энэхүү төсөлд Японы засгийн газар 30 тэрбум иен ($278 сая) зарцуулсан юм.

Хаяабуса-2 хөлөг астероидод хүрэхдээ 3.5 жил зарцуулсан бол буцаж ирэхдээ богино хугацаа зарцуулах юм байна. Учир нь яг одоо дэлхий, Рюгү астероид хоёр хамгийн ойр зайд байрлаж байгаа ажээ.

Хаяабуса-2 тээвэрлэж ирсэн дээжээ Австралийн өмнөд хэсгийн цөлд буулгах тооцоотой байгааг Японы сансрын агентлаг JAXA мэдээлсэн байна.

Хаяабуса-2 хөлгийн өмнөх хувилбар Хаяабуса нь долоон жилийн хүнд хэцүү аялалаа 2010 онд дуусгаж, Рюгү астероидоос жижиг, өөр нэг сансрын биетийн тоосны дээжийг дэлхийд хүргэж байжээ.

 

Эх сурвалж: AFP