Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/08-НД НИЙТЛЭГДСЭН

Америк нисгэгчид нислэгийн үеэр сэлфи хийж, ном уншиж байгааг Японы тал эсэргүүцжээ

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 8
iKon.MN
Зураг зураг

Сүүлийн жилүүдэд Япон дахь АНУ-ын цэргийн баазтай холбоотой осол эндэгдэл нэмэгдэж байгаа.

Үүнтэй холбогдуулан Японы засгийн газар АНУ-ын талд аюулгүй байдлаа сайжруулахыг байнга сануулж байгаа юм. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 6-ны өдөр тус улс дахь цэргийн баазын FA-18 Hornet сөнөөгч онгоц, KC-130 Hercules шатахуун цэнэглэгч онгоцтой агаарт мөргөлдөж, зургаан алба хаагч амь үрэгдэж байв.

Энэ ослын мөрөөр Пентагон шалгалт хийгээд нисгэгчийн алдаа, мэргэжлийн бус байдал голлон нөлөөлснийг тогтоожээ. Японы баруун хэсгийн Ивакуни агаарын баазад хийсэн шалгалтын тайланд нисгэгчид нислэгийн үеэр сэлфи хийж, ном унших, сахал үсээ янзлах зэрэг үйлдэл гаргаж байсныг дурдсан байна.

Тэдгээрээс нислэгийн бүхээгт сэлфи хийсэн дөрвөн алба хаагчийг армиас хөөсөн тухай Киодо Ньюс агентлаг мэдээлжээ.

Үүнээс гадна мансууруулах бодис хэрэглэх, архи хэтрүүлэн уух, завхайрал зэрэг зөрчлүүд агаарын баазад гардаг болсныг тогтоосон байна.

Тайлан нийтлэгдсэний дараа Ивакуни бааз байрладаг Ямагучи мужийн захирагч Цугумаса Мураока өөрийн улсын батлан хамгаалах яаманд уур бухимдлаа илэрхийлж, АНУ-ын цэргийн баазын аюулгүй байдлыг сайжруулах арга хэмжээ авахыг уриалжээ.

Ивакуни хотын зөвлөлийн гишүүн Жүнген Тамура тус агаарын баазын бүх нислэгийг даруй зогсоохыг шаардсан байна. “Энэ бол онц аюултай нөхцөл байдал. Осол гаргах магадлал өндөр байгаа тул бүх нислэгийг зогсоохыг шаардаж байна” гэж Тамура хэлснийг Киодо Ньюс мэдээлжээ.

Энэ долоо хоногт АНУ-ын F-16 сөнөөгч онгоц сургуулилалтын дуураймал бөмбөгийг Японы зүүн хойд нутагт хаях ёстой газраасаа нэлээд хэдэн километрын гадна санамсаргүй алдаж унагасан тухай өчигдөр албаныхан мэдээлсэн байна.

Азаар бөмбөг хүн ам сийрэг амьдардаг газарт унасан тул ямар нэг осол эндэгдэл гараагүйг Япон дахь АНУ-ын цэргийн командлал мэдээлжээ.

 

Эх сурвалж: The Guardian