Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/07-НД НИЙТЛЭГДСЭН

“Game of Throne” цувралын зургийг авсан хотод шинэ ресторан нээхийг хориглох гэж байна

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 11 сарын 7
iKon.MN
Зураг зураг

Дэлхий дахинд олон сая үзэгчтэй “Game of Thrones” цувралын зарим зургийг дундад зууны цайз, шилтгээнүүдээрээ алдартай Хорватын Дубровник хотод авсан байдаг.

Үүний улмаас Дубровник хот жуулчдын хөлд дарагддаг болоод байгаа. 2019 онд тус хотод ирсэн гадаадын жуулчдын тоо дээд хэмжээндээ хүрснийг Хорватын хэвлэлүүд мэдээлжээ.

Харин одоо хотын захиргаа жуулчдын тоог хязгаарлах арга хэмжээ авч эхэлсэн байна. Дубровник хотын захирагч Мато Франкович тус хотод шинэ ресторан нээхийг хориглох, одоо байгаа ресторануудад гадна талдаа нэмэлт суудал засахыг хориглох журам санаачилжээ.

Журмын төслийг Дубровник хотын зөвлөл арванхоёрдугаар сард хэлэлцэж, шийдвэрлэхээр болсон байна.

Аялал жуулчлал хэт их хөгжсөнөөс хотын өнгө төрх алдагдах аюултай тулгарсан тул ингэж хязгаарлахаар болжээ.

Ер нь дэлхий дахинд зарим хотууд хэт аялал жуулчлалыг хязгаарлах алхам хийж эхлээд байгаа. Тухайлбал Италийн Венец хот 2022 оноос эхлэн өөрийн эрэгт жуулчдын том хөлөг онгоцнуудыг хүлээж авахгүй болсон байна.

Долдугаар сараас эхлэн Ром хот түүхт “Испани шат” хэмээх байгууламжийн дээр суусан жуулчдаас $450 орчмын торгууль авдаг болсон юм.

Тайландын Маяа наран шарлагын газар 2000 онд дэлгэцэнд гарсан “The Beach” киноны улмаас Дубровник шиг жуулчдын хөлд дарагдаж байв.

Тус газар далайн эко системээ хамгаалах үүднээс 2021 оны зун хүртэл жуулчдыг хүлээж авахгүй байх шийдвэрийг өнгөрсөн онд гаргаж байжээ.

 

Эх сурвалж: Business Insider