Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/11/06-НД НИЙТЛЭГДСЭН

Мексикт АНУ-ын есөн иргэн алагдсаны дараа Дональд Трамп хар тамхины картелийн эсрэг дайн зарлахыг уриаллаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 11 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Даваа гарагт АНУ-ын есөн иргэн Мексикийн хойд нутагт автомашинтай аялж байгаад зэвсэгт этгээдүүдийн халдлагад өртөж амиа алдсан тухай албаныхан өчигдөр мэдээлжээ.

Хохирогчид нь Мормон шашинтан гэр бүлийн гурван эмэгтэй, зургаан хүүхэд байсан гэнэ. Тэд АНУ-ын Юта мужийн иргэд бөгөөд Мексикийн хойд нутаг дахь Мормон шашинтнуудын сууринд зочилж байжээ.

Гурван машинд хуваагдан сууж явсан иргэд рүү үл мэдэгдэх зэвсэгт этгээдүүд дайрсан тухай Мексикийн дотоодыг хамгаалахын сайд Альфонсо Дуразо өчигдөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.

Үүнээс гадна уг цуваанд явсан зургаан хүүхэд, нэг эмэгтэй халдлагаас зугтаж амьд гарсныг Мексикийн тусгай хүчнийхэн олжээ. Нэг хүүхэд сураггүй болсон байна. Амьд олдсон хүмүүс бүгд шархдсан байжээ.

Халдлага ямар зорилгоор үйлдэгдсэнийг тогтоогоогүй байгаагаа Дуранзо мэдэгдсэн юм.

Мексикийн ерөнхийлөгч Андрес Мануэл Лопез Обрадор “Энэ газар нутаг эртнээс маш аюултайд тооцогдсоор ирсэн. Бид мөрдөгчдийн дүгнэлтийг хүлээж байна” гэж ярьжээ.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп энэхүү эмгэнэлт мэдээг сонсоод твиттер сүлжээгээр уур бухимдлаа илэрхийлсэн юм.

“Ютагийн сайхан гэр бүл, найз нөхөд маань хар тамхины хоёр картелийн хоорондын буудалцаанд өртсөний улмаас олон Америк хүн амиа алдлаа. Эдгээр араатнуудыг цэвэрлэх үйлсэд Мексик улс тусламж хүсвэл бид туслахад бэлэн байна. АНУ-ын тусламжтайгаар Мексик улс хар тамхины картелиудыг газрын хөрснөөс арчих дайнаа эхлүүлэх цаг нь болжээ” гэж тэр бичсэн байна.

Мексикийн одоогийн ерөнхийлөгч Лопез Обрадор өмнөх ерөнхийлөгч нарынхаа хар тамхины бүлэглэлүүдтэй хийсэн дайныг шүүмжилж, хүчирхийллийн бус аргаар тэмцэх бодлого барьж байгаа.

Гэхдээ түүний бодлого үр дүнгээ өгөхгүй байгааг сүүлийн үед Мексикт гарч буй олон аллагаас харж болно.

Өнгөрсөн сард Кулиакан хотоос Синалоа картелийн боссыг баривчлах үеэр 13 хүн алагдсан. Мексикийн тусгай хүчнийхэн хэсэг хугацааны дараа баривчилсан хүнээ буцааж суллахаас өөр аргагүй болж байв.

Өнгөрсөн сарын эхээр Мичоакан мужид цагдаагийн 14 офицер хар тамхины картелийн отолтод орж, амиа алдсан юм. Наймдугаар сард мөн энэ мужийн нэгэн хотын гүүрнээс 19 хүний зэрэмдэглэсэн цогцсыг дүүжилсэн байжээ.

Тухайн сард Веракруз мужийн нэг хотын тайчих клуб татвараа төлөөгүй тул картелийнхан галт бөмбөг дэлбэлснээс 27 хүн шатаж амиа алдсан байна.

Даваа гарагийн аллага болсон мужид хууль үйлчлэхээ болиод удаж байгаа юм.

1886 онд шашны өөр бүлэгт хавчигдан гадуурхагдсан мормончууд АНУ-аас дүрвэж, Мексикийн Чихуахуа мужийн нутагт 50,000 акр газар худалдан авч суурьшсан ажээ. Сүүлд гарсан аллагын хохирогчид энэ сууринд зочилж явсан юм байна.

Мексик дэх мормончуудын амьдардаг газар нутаг АНУ руу хар тамхи тээвэрлэх зам дагуу байрладаг учраас картелиудын халдлагад өртөх үзэгдэл түгээмэл гардаг ажээ.

Хэд хэдэн удаагийн халдлагын дараа Мексикийн засгийн газар тэдэнд өөрийн зэвсэгт харуулын алба байгуулах зөвшөөрөл өгч байжээ.

 

Эх сурвалж: AFP